Дэлгэцийн урлагийн гавьяатууд ярьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхэд залууст үлгэр дуурайлал болж яваа 20 гаруй эрхмийг төрийн дээд одон медалиар шагнасан юм.
Төрийн дээд одон медалиар шагнуулсан эрхмүүдийн баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
С.Ариунбямба: Киноны зурагтай байхад над руу ярихад би итгээгүй
-Монгол Улсад
кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ баярлаж
байна. Ард түмнийхээ дуудлага, уурхайн түрлэгээр халуун алга ташилт дор энэхүү
хүндэт цолыг хүртэж байгаа нь сайхан хэрэг. Бүгдэд нь баярлалаа. Киноны зураг
авалттай байхад гавьяат жүжигчин цол хүртэх мэдээг сонсоод итгээгүй. Шагнал авах
мөч үнэхээр сайхан юм билээ.
Жүжигчин С.Ариунбямбын хувьд “Тэгри чину” киноны Хадун соёо, “Ар хударга”-ын Канжо, “Содура”-гийн Мажыр, “Ларьдма”-гийн Өнөболдын дүрийг онц сайн бүтээсэн байдаг. Түүнчлэн “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Ану хатан”, “2000”, ,“Зура-2 цурам ажиллагаа” “Бүсгүй” зэрэг олон киноны дүрээр үзэгчидтэйгээ уулзсан юм. СУИС-ийг 2000 онд жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр 50 гаруй сонгодог жүжгийн гол, туслах дүрд тоглосон бол дэлгэцийн 20 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.
О.Оюун: Орчуулгын кинонд дуу оруулж амжилтад хүрнэ гэдэг хамтын хөдөлмөр юм
-Энэ мэргэжил бол
дангаараа, ганцаараа дүр бүтээж, түмэнд хүрэх боломжгүй. Энэ бол хамтын бүтээл. Орчуулгын киноны дуу
оруулагч гэдгээр овоглогдож яваадаа талархаж явдаг. Орчуулгын киноны жүжигчдийг
энд тэнд явахад нь “Кино үзэж байгаа юм шиг сонсогдож байна” гэх нь их. Бид
аливаа уран бүтээлийн ард хамт олноороо хөдөлмөрлөж, мэдэрч, түүндээ авьяас,
чадвараа зориулж байж ард нь гардаг. Өнгөрсөн хугацаанд би 2000 гаруй уран
бүтээлд дуу оруулсан байна. Орчуулгын киноны уран бүтээлчид ур чадвар, авьяас,
мэдрэмжээрээ бусдаас илүү байдаг юм шиг санагддаг. Тиймээс орчуулгын киноны дуу
оруулагч хэмээн хүндлэгдэж явдгаараа бахархдаг. Жүжигчний хувьд миний анхны
уран бүтээл бол “Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүр юм. Дуу оруулагч,
жүжигчдийн дуу хоолой хүмүүсийн зүрх сэтгэлд ямар сайхан хүрдэг юм бэ гэж
боддог. Уран бүтээлч хүмүүс ард түмнээсээ магтаал, зэмлэлийг ил тод сонсож,
мэдэрдэг нь бидний хувьд хамгийн том шагнал юм. Өнөөдөр ахмад, дунд, залуу
гурван үеийн уран бүтээлчид, арын албаныхан, мөн биднийг шүүн тунгааж байдаг
үзэгчдийн минь баярын өдөр юм. Энэ сайхан өдөр гавьяат жүжигчин хэмээх эрхэм
цолыг хүртсэндээ баяртай байна. Би кино урлагийн салбарт 40 жил ажиллажээ. Аав
минь намайг төрийн өндөр дээд шагналаар шагнуулсныг хараад баярлаж байгаа байх.
Түүнийг монголчууд Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн ардын жүжигчин А.Очирбат агсны
охин гэдгээр нь андахгүй мэднэ. Аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын
театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр дэлгэцийн олон сайхан уран
бүтээлд тоглосноос гадна киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, үзэгчдийн
эчнээ танил болсон билээ.
Ө.Наранбаатар:
Би 30 мянган кинонд дуу оруулжээ. Цаашид 40, 50 мянган кинонд дуу оруулна

-Би 34 жилийн хугацаанд 30 мянган кинонд дуу оруулсан. Энэ цол надад оройтож ирээгүй. Яагаад гэвэл би цаашид 40, 50 мянган кинонд дуу оруулна гэж бодож байна Мөн Монголын уран сайхны 50-иад кинонд гол ба туслах дүрд тоглолоо. Түүнчлэн 40 гаруй киноны гол ба туслах дүрд ам барьж дуу оруулж байсан. Анх оюутан байхдаа МҮОНТВ-д дадлагаар очиж, Германы телевизийн олон ангит “Банштай зутан” гэх бүтээлд анх удаа дуу оруулж байлаа. Миний ард үргэлж зогсож байдаг ханьдаа баярлалаа. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, Монголын ард түмэндээ баярлалаа.
Түүний хувьд 1989
онд арван жилийн сургуулиа төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын
ангид элсэхээр шалгалт өгч байжээ. Тухайн жил Соёл урлагийн их сургууль шинээр
байгуулагдсан бөгөөд тэрбээр тус сургуулийн Кино, драмын ангийн анхны
элсэгчдийн нэг болж урлагийн замналынхаа гарааг эхэлсэн байна. Тэрбээр Монголын кино урлагт дуу оруулгын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр
оруулж, дуу хоолойгоороо олон хүний сэтгэлийг татсан уран бүтээлч билээ.
Улаанбаатар