“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн байгаль, сүнслэг ертөнц ба уран бүтээлчдийн дотоод ертөнцөөр аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-29 17:02:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Эх дэлхийгээ анагаахуй” олон улсын үзэсгэлэнд Монгол, Германы 10 уран бүтээлч оролцож байгаагаас уран бүтээлч Үнэн-Энх, Жулиан Вэстерманн, Клаудиа Манн нарыг онцолж байна.


Эх орондоо анх удаа бүтээлээ дэлгэж буй Үнэн-Энхийн хувьд 1988 оноос хойш Германы Фрайбург хотод ажиллаж, амьдардаг нэгэн. Түүний хувьд Монголын авангард урлагийг дэлхийд төлөөлж буй уран бүтээлч юм. Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хүрээнд зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд урилгаар оролцож, өөрийн бүтээлээ төрсөн нутагтаа анх удаа толилуулж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнд гурван жижиг хэмжээний бүтээлээ толилууллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд өмнөх төслөөс ялгаатай нь шинэ бүтээлүүд орсон. Бүтээлд “Бодол санаа нь бол сав хайрцагтайгаа цуг гарах нь нүүдэл, суудал” гэсэн санааг агуулсан. Мөн үзэсгэлэнгийн сэдэвтэй уялдаж байгаа гэж бодож байна. Ер нь хүн төрөлхтөн угтаа нүүдэлчин шинжтэй, тиймээс “нүүдэл” гэдэг ойлголт бидний мөн чанарт шингэсэн байдаг. Монголчууд ч мөн эртнээс нүүдэлчин аймгууд байсан. Миний хувьд хүний бодол санаа нь хайрцаг мэт түүнийг тээж авчирч, хайрцагнаас гаргаснаар бүтээл болон илэрч, дотоод ертөнцийн илэрхийлэл болдог гэж үздэг” хэмээв. 


 


Тэгвэл чөлөөт уран бүтээлч Жулиан Вэстерманны бүтээлүүд энэхүү үзэсгэлэнгийн нэг хэсгийг бүрдүүлнэ. Танхимын баруун булан тохойд түүний бүтээлүүд байх бөгөөд хөрст дэлхий хэрхэн эвдэрч, өөрчлөгдөж буйг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Зөвхөн уран бүтээлээс гадна Монгол руу ирэхдээ бичсэн тэмдэглэлээ монгол, англи хэлээр унших боломжийг олгосон байна. Тэрбээр ярихдаа “Миний ард байрлах хүрэм, гутал ч бүтээлийн минь нэг хэсэг юм. Тэдгээрийг өмсөөд би тоглолт үзүүлнэ. Энэ тоглолтын утга нь бүтээлийн нэртэй уялдаатай “Хөрст тэнгэр рүү бороо шиг орж байна” гэсэн санааг илэрхийлнэ.



Би гэрийнхээ гадаа майхнаа босгоод, түүнтэйгээ хамт аялах дуртай. Энэ санаагаа бүтээлдээ тусгасан. Майхан дотроо янз бүрийн ургамал байрлуулж, дараа нь ургамлаа хөрөөдөн бичлэгээ ухрааж хийсэн. Миний бүтээлд гаднах орчны ургамал майхан дотор байгаа нь бүх зүйл хоорондоо уялдан уусаж, оршин тогтнодгийн илрэл гэсэн санаа юм. Бүтээлийн төгсгөлд майхан дотор миний сүүдэр тодорно. Бичлэгийн эхэнд би хэвтэж байснаа босож, харин дуусахдаа эргэн хөрсөндөө шингэж буй мэт харагдана. Энэ хэсгээр гэрэл, сүүдрийн уялдааг ашиглах боломжийг илэрхийлсэн. Нэг ёсондоо бүтээл гэрлээр цацагдаж байгаа атлаа өөрөө гэрэл болон хувирч, үзэгч ба бүтээл хоёр хүртэл хоорондоо уусаж, нэгэн цогц ертөнц болон оршиж буйг харуулж байна” гэлээ. 



























Харин Клаудиа Манн Монголд 21 хоногийн турш судалгааны ажил хийсний үр дүнд бүтээлүүдээ туурвиж, үзэсгэлэн дэлгэжээ. Тэрбээр “Хананд байрлуулсан зургуудыг би барималчны нүдээр харж бүтээсэн юм. Зургуудад Хар балгас, Хиргисүүр зэрэг Монгол орны сүнслэг утгатай газар нутгуудыг харуулсан. Эдгээр зургийг аналог фото аппаратаар авсан. Мөн 3D хэв маягийн зургууд ч бий. Дараагийнх нь миний инсталляци бүтээлүүд. Үзэсгэлэнгийн танилцуулга, зурагт хуудсанд дээр цагаан торгон даавуу ашигласан нь  тодорхой орон зайг бүтээж, доторхыг нь харуулахгүй байх гэсэн санаа. Энэ даавуун доор юу нуугдаж байгааг үзэгч зөвхөн төсөөллөөрөө л харна. Харин цаад талын даавуу нь хиргисүүдийн хэрэглэж байсан материал дээр үндэслэн хийсэн. Эдгээр бүтээлээ бүтээхдээ би сүнслэг ертөнцөд нэвтэрч, сүнснүүдтэй дотоод диалог, харилцаанд орсон. Тиймээс бүтээл бүрээ маш их хүндэтгэл, сэтгэл шингээн туурвисан. Бүтээлүүд маань бүгд Монголоор аялж байх хугацаанд төрсөн санаа, урам зориг дээр үндэслэж, зөвхөн энэ үзэсгэлэнд зориулан бүтээснээрээ онцгой юм. Би Монголын дөрвөн өөр газраас хөрсний дээж авч, бүтээлдээ ашигласан. Эдгээр нь монголчуудын хувьд ариун, нандин, сүнслэг утга агуулгатай нутаг дэвсгэрүүд байсан. Надад ч гүн холбоо, мэдрэмж төрүүлсэн. Иймээс миний бүтээлүүд сүнслэг чанартай, далд утга илэрхийлнэ” хэмээн хуучиллаа. 







Холбоотой мэдээ