Маргааш оройноос цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Маргааш баруун аймгуудаас эхлэн орон даяар цаг агаар тогтворгүй болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдал болон цаг уурын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 7, 8-нд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумын нутгаар их хэмжээний цас орно. Цаашилбал, Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар цас орох бол Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумаар цасаар шуурна. Цасны зузаан хамгийн багадаа 15-20 см хүрэх бөгөөд малын бэлчээрлэхэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлах, зам, даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа.
Тиймээс эдгээр өдөрт цаг агаарын байгууллагаас гаргаж буй мэдээллийг цаг тутамд авч онцгой үзэгдлийн үеэр малчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 2023 онд ийм цаг агаарын онцгой үзэгдэл болж, малчин иргэд хайнга хандсаны улмаас хохирол гарч байжээ.
Тиймээс баасан гаргаас ням гараг хүртэл үргэлжлэх цаг агаарын энэ онцгой үзэгдлийн үеэр иргэд, малчдыг сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас санууллаа.
НОБГ-аас мэдэгдэхдээ, “Их цасны үеэр мал уруудах нь их байдаг. Энэ үед малын хойноос явахгүй байх хэрэгтэй. Их хэмжээний цас орох үед замын аюулгүй байдлыг сайтар хангах. Мөн зарим газар зам тээврийн хөдөлгөөнийг зогсоох учир иргэд байнга мэдээлэл авч яваарай. Аймаг, сумдын удирдлагууд эдгээр өдөр иргэдэд холбогдох мэдээллийг тогтмол өгч малчидтай холбоотой байх хяналтыг сайжруулахыг хүсье” гэв. Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон сануулав. Мөн малчид малаа ойрхон бэлчээж 2-3 хоног үргэлжлэх цасан шуурганаар аль болох гэртээ ойрхон байх хэрэгтэйг захилаа.

Улаанбаатар