ЗАВХАН: Аяллын сонирхолтой маршрутыг таниулж байна
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Соёлын орон зай бидний орчин" аян үр дүнтэй өрнөж, салбар бүр тодорхой соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд бүх талын мэдлэг өгөх, танин мэдүүлэх сурталчилгааг хийж байна.
Тухайлбал, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас аялал жуулчлалтай холбоотой шинэ маршрут, газар нутгийн түүх домог, бэлгэдэл, онцлогийг харуулсан мэдээллийг олон нийтэд зориулан цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цувралаар таниулж байна.
Завхан аймаг байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж, нүүдэлчдийн соёл уламжлалыг хадгалах сэргээх, уул усныхаа түүх домгийг таниулах соёлын олон талт судалгааг хийж байна. Ингэхдээ сум бүрийн өвлөн уламжлагчид, тухайн газар нутгийн түүх домгийг өвлөн авч үлдсэн ахмадуудтай уулзаж, ярилцан баримтжуулж байна. Мөн жуулчдыг татаж орон нутгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд сумдын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, гар урлалын өвлөн уламжлагчдыг бүртгэж, олон нийтэд таниулах, бүтээгдэхүүнийг нь сурталчлах зэрэг ажлыг хийж байна. Байгалийн, археологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтын оролцоотой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа талаар аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын аялал жуулчлал, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн А.Будсүрэн мэдээлэв.

Завхан аймаг нь Монгол улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс,
зүүн талаараа Хөвсгөл Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай, хойд талаараа ОХУ-ын Тува улстай хиллэн оршдог. Нийт 82.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 71.8 мянган хүн амтай. Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон уулсын орон юм.

Завхан аймаг XYI зуунаас эхтэй Халхын гурван аймгийн голомт залгасан, ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан анхны дөрвөн аймгийн нэг.
1923 онд байгуулагдсан, 24 сум, 116 багтай. Говь хангай хосолсон өргөн уудам нутаг дэвсгэртэй.

Завхан аймаг нь үүсэл хөгжил, хүн зон, байгаль экологийн шавхагдашгүй баялаг өв түүхтэй, онцлог нутаг билээ. 200 гаруй түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нуур, Отгонтэнгэр, Улаан хаалга, Баянзүрх, Зарт, Хожуул зэрэг халуун рашаан бүхий амралтын газартай.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалууд болох буган чулуун хөшөө,
хүн чулуун хөшөө, хадны зураг, булш, оршуулга, эртний цэргийн цайз, хот суурин,
хүрээ хийдийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 1000 гаруй дурсгал бий. Үүнээс улсын хамгаалалтад байх 7, аймаг нийслэлийн хамгаалалтад байх 21 дурсгалт газартай.

Завхан аймаг нь Монгол улсын эртний түүхт хотуудын нэг юм. Улаанбаатар хотоос 1050 километр зайтай оршдог.

Хангай, Тарвагатай, Нөмрөг, Хөдрөнгийн
нуруу, Их Монгол, Бор хярын үргэлжилсэн элсэн манхад, Бадархундага, Баян, Бүст,
Ногоон, Цагаан, Улаагчны хар, Хаг, Холбоо, Ойгон, Тэлмэн нуур,Завхан, Идэр,
Мухарт, Тэс, Хүнгүйн голууд, Сангийн хэрэм, Яруугийн хүрээ, Хүрлийн үе,
Түрэгийн үеийн Дааган дэлийн буган чулуу хөшөөд зэрэг байгалийн бүс бүслүүрийг
багтаасан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой. Ховор ан амьтан,
жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм.

Завхан аймгийн 24 суманд зочид буудал 4, дэн буудал 40, гэр буудал 20, жуулчны бааз 30,
рашаан сувилал 10, нийт 104 аж ахуйн нэгж иргэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Аяллын маршрут

Аяллын маршрут
Гэрэл зургуудыг Н.Сүхбат
Улаанбаатар