ГОВЬ-АЛТАЙ: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-05 10:43:34

Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт тус аймгийн Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Төгрөг сумаас урагш 59 км, Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км зайд 11 дүгээр сарун 5-ны 00:35 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. 


Иргэдийн амралтын цаг байсан тул газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд төдийлөн мэдрэгдээгүй бөгөөд газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор Одон орон геофизикийн Алтай салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.


Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч хөдөө орон нутагт барилга бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага байдаг.


Ташрамд дурдахад, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг.

Холбоотой мэдээ