Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц ажлыг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
Улсын хэмжээнд энэ онд 274.1 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч, өмнөх оныхтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байна. Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар, хүнсний ногоо 22.0 хувиар, малын тэжээлийн таримал 46.0 хувиар, тосны ургамал 49.0 хувиар тус тус буурчээ.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад, нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5 хувийг, төмсний 76.9 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах гэсэн тооцоо хийжээ. Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37.0-39.50С, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65.0-69.60С-д хүрч, хөрсний үнэмлэхүй их температур 40 градус давж халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тохиолдсон нь ургацад сөрөг нөлөө үзүүлжээ.
Улаанбуудайн хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-9
дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байж, хураалтыг 7-10 хоногийн өмнө
эхлүүлсэн нь ургацын чанарт эергээр нөлөөлж, тарианы болц жигд, цавуулаг
өндөртэй байна.
Танилцуулгатай холбогдуулан хүнсний улаанбуудайн стратегийн
болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц
бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн
үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн
зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Улаанбаатар