"Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 16:53:20

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтран “2024-2034 оны Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” (АҮАХ)-ийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын байранд энэ сарын 4-нд зохион байгууллаа.


2024 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сард Туркменистан Улсын Аваза хотод болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар баталсан “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” нь дэлхийн 32 далайд гарцгүй хөгжиж буй орны хөгжлийн өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн 10 жилийн хугацаатай дэлхийн хэмжээний хөтөлбөр юм.


Нью-Йорк хотноо өнгөрсөн оны 1-6 дугаар сард болсон олон талт хэлэлцээг Монгол Улс, Австри Улстай хамтран даргалан, АҮАХ-ийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Зөвлөгөөнд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, АҮАХ-ийн таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсад тулгарч буй сорилт, боломжуудыг хэлэлцэн, хэрэгжилтийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах талаар санал солилцлоо.


Уг АҮАХ-ийг боловсруулахад манлайлан оролцсон Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин В.Энхболд үндсэн илтгэлийг танилцуулав. Түүний илтгэлд танилцуулснаар, 2022 оны байдлаар ДГХБО-ын худалдаа нь дэлхийн барааны экспортын дөнгөж 1.1 хувь, үйлчилгээний экспортын 0.7 хувь, дижитал үйлчилгээний 0.3 хувийг тус тус эзэлж байна.


Хэлэлцүүлэгт НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар (UN-OHRLLS) болон Монгол Улсын тээвэр, ложистик, гааль, цахим хөгжлийн салбар болон МУИС, ХААИС-ийн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Оролцогчид АҮАХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд хөтөлбөрийн зөвлөмжийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийн замын зураглал боловсруулах, салбар хоорондын болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Зөвлөгөөний үеэр АҮАХ-ийн Монгол хэл дээрх товхимолыг албан ёсоор танилцууллаа.

Холбоотой мэдээ