Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тэтгэврээ тогтоолгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 16:48:47

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.


Тус хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хоёр улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэн, нийгмийн хамгааллын баталгаа сайжрах юм.


УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр энэ төрлийн хэлэлцээрийг ямар улсуудтай байгуулсан болон цаашид ямар улсуудтай байгуулахаар ажиллаж байгаа, зарим хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, нийгмийн баталгааг хангах, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, шударга ёсонд нийцүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэлэлцээр байгуулж байгаа орнуудын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой харилцан нийцүүлэх, тэтгэвэр тооцох аргачлалыг иргэдэд ашигтайгаар боловсруулж хэрэглэх, монголчууд олноороо ажиллаж, амьдардаг улс орнуудтай энэ төрлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын асуудлаар байр сууриа илэрхийлэв.


Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанд тооцов.

Холбоотой мэдээ