УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн
08 дугаар дүгнэлт, УИХ дахь МАН-ын бүлгийн 2025 оны аравдугаар сарын 30-ны
өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын
байнгын хорооны өнөөдрийн хуралдааны танилцуулгыг харгалзан, Монгол Улсын Их
Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын дэд
дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж
буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы нэгдсэн
хуралдааны эхэнд танилцууллаа.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус
бүлгийн өчигдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар
дүгнэлтийг УИХ хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, УИХ-ын 2025
оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Үндсэн хуулийн
цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлыг хийгээгүй байгаа тул
бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү асуудлаар таван өдрийн
завсарлага авах санал гаргав.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон асуудал нь
зөвхөн УИХ-ын дэд даргыг огцруулах, сонгох асуудал бөгөөд Үндсэн хуулийн
24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны
дагуу энэ асуудалд нь УИХ дахь МАН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал тул
хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал хүссэн юм. Гэвч
чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд
заасныг үндэслэн УИХ дахь АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн
завсарлага өглөө.
Ийнхүү эхний асуудал буюу УИХ-ын дэд даргыг огцруулах
тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу УИХ-ын
дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлууллаа. Мөн эдгээр асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэсний үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан “УИХ-ын даргын үүрэг
гүйцэтгүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг мөн хойшлуулав.
Улаанбаатар