ОРХОН: Эрдэнэт сувиллын цогцолбороос “Ахмадын өдөрлөг” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-06 16:11:42

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч илгээлтийн эзэд болох ахмад уурхайчдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд “Эрдэнэт сувиллын цогцолбор”-оос тогтмол хамруулж хэвшжээ. Өнөөдөр тус сувиллаас “Ахмадын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.


“Эрдэнэт сувиллын цогцолбор” 2019 оноос эхлэн Ахмадын танхимтай болж, их эмчтэй болсноор зорилтот бүлгийн ахмадуудад хүрч үйлчлэх болсон байна. 


Өнөөдөр мэдрэл, чих, хамар хоолой, чихрийн шижин, нүд, шүд, зүрх судас, үе мөчний үзлэгийг хийснээс гадна бүртгэлд байдаг 100 гаруй зорилтот бүлгийн ахмадад эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүллээ. 


Энэ оны байдлаар 3402 ахмад уурхайчин үйлдвэрийн сувиллын газраас ахмадын танхимаараа дамжуулж эрүүл мэндийн үйлчилгээг явуулахаас гадна протез болон туслах хэрэгслийн үйлчилгээг ч үзүүлдэг байна.


Ахмадууд дунд ихэвчлэн үйлдвэрийн газар олон жил ажилласан учраас мэргэжлээс шалтгаалсан нуруу нугасны үрэвсэл, зүрх судас, даралт хэлбэлзэх, уушгины шохойжилт, дотор эрхтэн, үе мөчний шохойжилт зэрэг өвчлөл их байдаг тухай мэдрэл, ахмад судлалын их эмч Э.Хандармаа ярилаа.


Ахмадын танхимтай болсноор хүссэн үедээ Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд эмнэлэгийн үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөл бүрэн бүрджээ.





Холбоотой мэдээ