ХӨВСГӨЛ: Эртний бичгийн дурсгалуудыг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-06 15:11:16

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан хамтран “Хөвсгөл аймгийн чулуун бичгийн өв соёл” сэдэвт үзэсгэлэнг аймгийн Нийтийн номын санд дэлгэж, олон нийтэд толилуулж байна.


Энэхүү үзэсгэлэн нь нутгийнхаа түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн эртний бичгийн дурсгалуудыг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм.


Тус үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоноос илэрсэн 70 гаруй бичиг үсгийн дурсгалаас шилдэг 15 бүтээлийг сонгон дэлгэсэн бөгөөд эдгээр нь монгол, хятад, төвөд, руни, санскрит зэрэг эртний бичгийн соёлын өвийг илэрхийлэх үнэт дурсгалууд юм.


Тухайлбал, Арбулаг сумын Мөнх хааны гэрэлт хөшөө, Цагаан-Уул сумын Тэсийн голын бичээс, Рэнчинлхүмбэ сумын Орьюк хадны руни бичээс, Тариалан сумын Бичигт хад зэрэг түүх, соёлын чухал баримтууд үзэсгэлэнд багтжээ.





Холбоотой мэдээ