ЗАВХАН: Нэгдсэн эмнэлгээс эрт илрүүлгийн багц үйлчилгээг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-10 17:51:02

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг халдварт бус өвчлөл, хавдрын өвлөлийг бууруулах зорилготой урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг оношилгоог хийж байна.


Завхан аймаг эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд болон Завхан аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл шүд, хорт хавдраас сэргийлэх, хянах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилготой иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх олон талын ажлыг хийж байна.


Мөн иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд заавал хамрагдахыг уриалж, эрүүл мэндийн даатгал болон, даатгалгүй иргэдэд тодорхой төлбөртэй багц шинжилгээний үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээг 2022 оноос эхлэн  зохион байгуулж энэ оны 10 дугаар сард дуусгавар болсон. Тиймээс аймгийн нэгдсэн эмнэлгээс багц шинжилгээний үйлчилгээг иргэдэд зориулан хүргэж байгаа юм.

Иргэд бүдүүн шулуун гэдэс, элэг, уушги, улаан хоолой, ходоод, эмэгтэйчүүдийн умайн хүзүү, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн, эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдах боломжтой юм гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн С.Сарантуяа мэдээлэв.


Ташрамд 10 дугаар сард дууссан эрт илрүүлэгт Завхан аймгийн хэмжээнд 0-17 насны нийт хамрагдвал зохих хүүхдийн 78.5 хувь нь буюу 20263 хүүхэд хамрагдсан байна. Мөн 18-аас дээш насны иргэдийн 40.7 хувь буюу 46755 хүн эрт илрүүлэгт хамрагджээ.  

Холбоотой мэдээ