СЭЛЭНГЭ: Мэргэшсэн нягтлан бодогчдын 70 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-10 18:16:51

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Олон улсын нягтлан бодогчдын өдөр өнөөдөр тохиож байна.

 

1494 оны 11 дүгээр сарын 10-нд Италийн математикч Лука Пачиоли “Данс ба бусад бичилтүүдийн тухай” нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн системийн тухай 27 хуудас номыг анх удаа Венецэд хэвлүүлэн нягтлан бодох бүртгэлийн үндэс суурийг тавьжээ.

 

Иймээс түүнийг “Нягтлан бодох бүртгэлийн эцэг” гэж тодорхойлон, энэ өдрийг дэлхий нийтэд нягтлан бодогчдын өдөр хэмээн нэрлэх болсон байна.

 

Нягтлан бодогчид ажил, мэргэжлээрээ дамжуулж байгууллага, үйлчлүүлэгчид, бизнесийн болон улс орны бүхий л талбарт оролцож бодит өөрчлөлтийг авчрахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Мөн 1972 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Сан Диего хотын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогчдын үйл ажиллагааг таниулах өдрийг зохион байгуулсанаар энэ өдрийг бүх нийтээрээ “Нягтлан бодогчдын өдөр” хэмээн тэмдэглэдэг болжээ.

 

Монгол Улсад нягтлан бодох бүртгэлээр мэргэшүүлж төгсгөдөг 27 их, дээд сургууль байдаг бөгөөд жилд дунджаар 1400 орчим хүн энэ мэргэжлийг эзэмшин төгсдөг байна.

 

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сэлэнгэ салбарын дарга Б.Дарихжав, “Сэлэнгэ аймгийн хэмжээнд 400 гаруй нягтлан бодогч байдаг. Эдгээрээс бүртгэлтэй 48 мэргэшсэн нягтлан бодогч бий. Үүний 70 хувь нь төрийн байгууллагад, 30 хувь нь хувийн байгууллагад ажиллаж байна.

Манай мэргэшсэн нягтлан бодогчид олон нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролддог. Тухайлбал Орхон аймагт 3000 мод тарихад оролцсон мөн Эрдэнэтэд хотод болсон спортын их наадамд 20 мэргэшсэн нягтлан амжилттай оролцсон.

Манай байгууллага нь нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх, сурталчлах, мэргэжлийн нягтлан бодогч санхүү бүртгэлийн ажилтнуудад зөвлөгөө өгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг юм” хэмээн ярилаа.

 

Холбоотой мэдээ