Оросын эсрэг 20 дахь багц хоригийг хэлэлцэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВИЛЬНЮС, 2025 оны арваннэгдүгээр
сарын 9 /DW/. Оросын эсрэг 20 дахь удаагийн багц хориг арга хэмжээг авахаар
Европын Холбоо /ЕХ/ бэлтгэж эхэлжээ. Энэ асуудлыг Литва улсын Сангийн сайд Криступас
Вайтекунас, Санхүүгийн үйлчилгээ, Хадгаламж-хөрөнгө оруулалтын холбооны асуудал
эрхэлсэн Европын комиссар Мария Луиш Альбукерке нар хэлэлцсэн байна.
"ЕХ-ны зүгээс зөвхөн Орост
төдийгүй Беларусьт үргэлжлүүлэн шахалт үзүүлэх хэрэгтэй. 10 дугаар сарын эцсээр
тус холбоо 19 дэх хориг арга хэмжээг зөвшилцөж чадсанд бид сэтгэл хангалуун
байгаа, гэхдээ Оросын эрчим хүч, санхүүгийн салбарт цаашид шахалт үзүүлэх
хэрэгтэй байна. Иймээс дараагийн багц хоригийг бид нухацтай хэлэлцэж эхлэх нь
зүйтэй” гэж Литвийн Сангийн сайд мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Беларусийн эсрэг хоригуудыг чангатгах нь зүйтэй бөгөөд үүнийг Оросын эсрэг хоригуудтай уялдуулан зохицуулж, нэмэлт хязгаарлалт тогтоох нь чухал гэдгийг сайд онцлон тэмдэглэлээ. Түүний хэлснээр, Беларусийн эсрэг шинээр хориг тогтоох үйл явц эхлэлийн шатандаа байгаа ажээ. “Бид гуравдагч орнуудтай хамтран ажиллаж байгаа, тэдний дотор хоригоос бултахад тусалж буй улсууд ч бий” гэж Европын комиссар хэлсэн байна.
Хамгийн сүүлийн 19 дэх хоригийг ЕХ
10 дугаар сарын 23-нд баталсан юм. Хоригийн хүрээнд 2027 оноос эхлэн Оросын шингэрүүлсэн
шатдаг хийг худалдан авахыг зогсоох, Оросын “сүүдрийн флот”-ын 117 хөлөг
онгоцонд хориг тавих, түүнчлэн Оросын дипломатчид ЕХ-ны улсуудын нутаг
дэвсгэрээр зорчихыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар тусгажээ.
Харин Оросын тал Барууны хоригийг
хууль бус гэж үзэж байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков
мэдэгдэхдээ “Оросын эдийн засаг асар олон хоригт орсон учраас
тодорхой хэмжээний дархлаатай болсон” гэлээ.
Улаанбаатар