Билгүүн номч Б.Ринчений роман туурвилд оруулсан хувь нэмрийн тухай лекц болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-07 18:00:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" сэдэвт лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр боллоо.


Энэ нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг юм. 


МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант А.Амардалай Б.Ренчиний “Үүрийн туяа”, “Их нүүдэл”, “Заан залуудай” романуудын задлан шинжлэлийн талаар илтгэл тавьсан юм. 


XIX зууны сүүлч үеэс ХХ зууны дунд үе хүртэлх өргөн цаг хугацаа хамарсан “Үүрийн туяа” романд бодит үйл явдал ба түүхэн хүмүүсийн амьдралыг уран сайхнаар, энгийн ард түмний хүсэл мөрөөдлийг сайн, муу олон дүрээр дүрслэн харуулсан. "Үүрийн туяа” роман хэл найруулгын хувьд өвөрмөц өнгө аястай. Нийт 7038 өгүүлбэрээс бүтсэн. Ерөнхийдөө урт өгүүлбэрүүдтэй. Ардын дуу, зүйр цэцэн үг, хэлц үг, түүхэн баримт, статистик мэдээг яг байгаагаар авч хэрэглэсэн. Ардын зан заншил, ёс уламжлал, шашны зан үйлийг тодорхой харуулсан. Тонгоруулсан үг, ёж үг, албаны үг хэллэгийг өвөрмөцөөр оруулсан зэрэг онцлогтой ажээ.


Харин “Заан Залуудай” романд хүй нэгдлийн үеийн аж байдлыг үзүүлсэн. Романд одоогоос 10,000-6000 жилийн өмнөх хүмүүсийн байгаль ертөнцийн үзэгдэл юмсыг хэрхэн тайлж ухааран, аж төрлийн дэвшилд хүрсэн тухай өгүүлэхдээ өмнө зүгийн Хятад орноос хойд зүгийн Байгаль далай хүртэлх өргөн уудам газар нутгийг хамруулан дүрсэлсэн. 


“Их нүүдэл” романаа археологийн олдвор, хятад бичгийн сурвалж зэрэг баримт материалд тулгуурлан бичжээ. Модуны бага залуу нас, хөрш улсад барьцааны хүн болж явсан хийгээд амь гарч зугтаж ирсэн, түмтийн ноён болж, хаан сууринд хэрхэн суусан зэрэг Хүннүгийн түүх гардаг. 


Б.Ринченийг Монголын орчин үеийн уран зохиолын романы туурвилд дараагийн нэгэн томоохон сэдэв чиглэл болон хөгжсөн түүхэн романы үндсийг тавьсан хэмээн үздэг. 


Б.Ринчен нь 1905 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төржээ. Долоон настайгаасаа эхлэн бичиг үсэг сурч, ЗХУ-д 1924-1927 онд суралцсан. Шүлэг, өгүүллэг, кино зохиол, роман бичсэн. 





Холбоотой мэдээ