ЗАВХАН: Солонготын даваанд халтиргаа гулгаатай байгаа тул хурдаа тохируулж явахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-07 15:42:23

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан, Архангай аймгийн заагт оршдог Солонготын даваанд 2-3 см орчим цас орж, зорчих хэсгүүдэд халтиргаа үүссэн тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулав.


Завхан аймгийн нийт нутгаар 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд цас орсон. Өдөртөө нийт нутгаар 0.0-5.0 мм, шөнөдөө 0.0-4.0 мм тунадас орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон.


Өнөөдрийн байдлаар Завханмандал, Эрдэнэхайрхан суманд 9 см, Баянтэс, Цэцэн-Уулд 6 см, бусад сумын нутгаар 0-5 см зузаан цастай байна. Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс 2-12 м/с, Эрдэнэхайрхан сумын нутгаар түр зуур 16 м/с хүрч шуурсан. Үргэлжлэн орсон цасны улмаас орон нутгийн болон улсын чанартай авто замуудад халтиргаа гулгаа үүссэн. Зарим томоохон даваанд халтиргаа үүссэн байна.


Солонготын давааны авто замын зорчих хэсгийн халтиргаа үүссэн хэсгийг авто грейдерээр хусаж цэвэрлэж байна. Одоогоор авто машинууд хөдөлгөөнд хэвийн оролцож байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнөөдөр шөнө аймгийн зүүн, зүүн хойд хэсгээр цас үргэлжлэн орж нийт нутгаар хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Тиймээс өнөөдөр, маргааш онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байх. Жолооч тээвэрчдийг замд гарахдаа авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. 


Холбоотой мэдээ