СЭЛЭНГЭ: Эрэгтэй шигшээ багийнхан Идэрчүүдийн улсын хошой аварга боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-01 13:09:36

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрэгтэй шигшээ баг 2025 оны Идэрчүүдийн УАШТ-ний аваргын алтан медалийг хүртлээ.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын сургуулийн А.Амартүвшин ахлах дасгалжуулагчтай, Сэлэнгэ аймгийн шигшээ баг 4 жил дараалан Идэрчүүдийн УАШТ-нд финалдаж, 2024, 2025 оны Идэрчүүдийн УАШТ-ний аваргын алтан медалийг жил дараалан хүртэж, улсын хошой аварга боллоо.

 

Энэхүү аймгийн шигшээ багийн гарааны хүчтэй бүрэлдэхүүнд 12а ангийн хөвгүүд 2024 оны амжилтаа бататган дахин аварга  болсон байна.

 

Мөн 12а ангийн сурагч Т.Тэмүүжин 2 жил дараалан “шилдэг хаагч”, Б.Азжаргал 2025 оны MVP тоглогчоор, А.Амартүвшин дасгалжуулагч “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарлаа.

 

Амжилтаараа тэргүүлэн аймгийнхаа нэрийг өндөрт гаргаж байгаа нэг ангийн хөвгүүдийн багтай Өмнөговь аймгийн Өмнөговь энержи клуб гэрээ байгуулж, 4 жил амьдрах байр, бэлтгэлийн зардлыг даах болсон байна.

 

Мөн Олон улсын Рояал их сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болжээ.

 

Ийнхүү Идэрчүүдийн волейболын улсын 3 удаагийн аваргаар Сэлэнгэ нутгийн хөвгүүдийн баг шалгарлаа.

 

Өнгөрсөн хугацаанд Сэлэнгийн тамирчид зөвхөн улсын аваргын тэмцээнээс  гэхэд эмэгтэй баг 5 алт, 3 мөнгө,  1 хүрэл, эрэгтэй баг 3 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль тус тус хүртэж, амжилтаа тогтмол бататгаж иржээ.

 

Өдгөө ч Сэлэнгэ нутгийн волейболчид үндэсний дээд лигээс эхлээд улс эх орныхоо нэрийг гарган тив, дэлхийн тэмцээнүүдэд гарган тоглосоор байна.