Дэлхийн хөрсний өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-12-05 14:49:31

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн хөрсний өдөр өнөөдөр тохиож байна.


НҮБ-ын ХХААБ-аас 12 дугаар сарын 5-ны өдрийг жил бүр ийнхүү тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Манай улс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” ишлэлийг олон улсын уриатай уялдуулан “Эрүүл хөрс-Эрүүл амьдралын үндэс” сэдвийн дор “Монгол орны хөрс судлал-2025” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.


БОУАӨЯ, ХХААХҮЯ, МУИС, ХААИС, ШУА-ийн ГЗГЭХ, НБОГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан хурлаар хөрс хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, монгол орны хөрсний төлөв байдал, хэв шинж, тариалан ба бэлчээрийн газрын хөрсний доройтол, хөрс хамгааллын технологийн судалгаа, салбарын хүний нөөцийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлсэн юм.


Монгол Улс 1996 оны 8 дугаар сарын 22-нд НҮБ-ын “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцыг соёрхон баталсан бөгөөд хөрс хамгаалах, доройтсон газар нутгийг нөхөн сэргээх, хөрсний бохирдлыг багасгах бодлого, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр иржээ.


Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах нь Монгол Улсын Засгийн газар, БОУАӨЯ конвенцын хэрэгжилтэд ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгааг илтгэж байгаа билээ. 

Холбоотой мэдээ