Oasis-ийн супер аялан тоглолт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 5 /BBC/. Дахин нэгдсэн Oasis рок хамтлагийн Их Британи даяар хийх аялан тоглолт эхэллээ.
Уэльсийн нийслэл Кардифф хотод болсон
эхний концертыг нь олон арван
мянган хүн үзэж, ах дүү Лиам, Ноэл
Галлахер нар 16 жилийн дараа тайзнаа эргэн иржээ.
Principality цэнгэлдэх хүрээлэнд
болсон тоглолтын дараа тус хамтлаг Oasis Live '25 гэдэг нэртэй аялан тоглолтоо Их Британиас гадна АНУ,
Япон, Австрали, Бразил зэрэг улсад 41 удаа хийх юм. Харин Их Британид хийх
аялан тоглолтууд Лондон хотын Уэмбли, Эдинбургийн Мюррейфилд цэнгэлдэх хүрээлэнгүүд
болон Дублин хотын Croke Park-т болно.
Уг хамтлагийг ах дүү Ноэл, Лиам Галлахер нар 1991 онд байгуулсан бөгөөд ах нь болох Ноэл хамтлагийн дуунуудыг зохиож, продюсерээр ажилладаг гитарчин юм. Харин дүү Лиам нь гоцлол дуучин. Өнгөрсөн он жилүүдэд ах дүү хоёрыг “муу залуус” гэх болсны учир нь, тэд байнга хэл ам таталж, дуулиан тарьдгаас үүдэлтэй. Сүүлийн 16 жилийн турш тус хамтлаг уран бүтээл хийгээгүй нь гишүүд нь хоорондоо сөргөлдөх болсонтой холбоотой. Гэхдээ үүний уг шалтгаан нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Ах дүү Галлахерууд дахин нэгдэнэ гэдгээ өнгөрсөн оны 8 дугаар сард буюу хамтлагийн анхны Definitely Maybe цомог гарсны 30 жилийн ой болохоос хэдхэн өдрийн өмнө мэдэгдсэн билээ.
Oasis бол 1990-ээд оны үеийн хамгийн нэр хүндтэй хамтлагуудын нэг бөгөөд брит-поп урсгалын Blur, Suede, Pulp хамтлагуудын хамтаар “их дөрвөл” гэгдэж байв. Live Forever, Wonderwall зэрэг дуунууд нь 20 дугаар зууны поп хөгжмийн сонгодог бүтээл гэж үнэлэгддэг. Тус хамтлагийн цомгууд дэлхий даяар хэдэн арван сая хувиар худалдаалагдаж байлаа.
Гэрэл зургийн тайлбар: Жем Арчер /зүүн захад/, Энди Белл /зүүн талаас гуравдахь нь/ нар аялан тоглолтод оролцоно.
Хамтлаг 2009 онд тарсан нь тухайн үедээ хөгжмийн ертөнцөд томоохон дуулиан тарьж байв. Энэ үеэс хойш 10 гаруй жилийн турш ах дүү хоёр хоорондоо үгээр толхилцож, тус тусдаа уран бүтээлээ хийж байлаа. Тэд “дайсагнал”-аа зогсоож, хамтдаа аялан тоглолт хийнэ хэмээн зарласан нь интернэт орчинд жинхэнэ тэсрэлт болов. Тоглолтын тасалбарын үнэ хэдэн мянган фунт стерлингт хүрсэн нь фанатуудын дургүйцлийг төрүүллээ. Олон шүтэн бишрэгч онлайнаар луйвардуулж, 2 сая фунт стерлингээ алдав. Иймээс Их Британийн Шударга өрсөлдөөний газраас дамчид, луйварчдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүйд хүрэв.
Дөнгөж эхэлж буй Oasis-ийн аялан тоглолт хүнд байдалд ороод буй Их Британийн эдийн засгийг сэргээхэд багагүй хувь нэмэр оруулна гэж ажиглагчид үзэж байна. Barclays банкны тооцоолсноор, зөвхөн Их Британид гэхэд хамтлагийн шүтэн бишрэгчид тасалбар худалдан авах, зочид буудалд хоноглох, тээвэр зэрэгт 1 тэрбум гаруй фунт стерлинг зарцуулах төлөвтэй байна.