ӨМНӨГОВЬ: Жонбүг мужтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-30 12:40:05

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Бусан, Жонбүг хотод Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг ажиллалаа.

 

“Өсөлттэй Өмнөговь”, “Өсөлттэй Даланзадгад” хот хөтөлбөрөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах зорилтыг дэвшүүлсэн юм.


Энэ хүрээнд ажлыг баг энэ сарын 23-28-ны өдрүүдэд тус хотуудад зохион байгуулсан 21 улсын хотуудын захирагч ажилтнууд оролцсон “Хотын хөгжил, инновац, соёл аялал жуулчлал” сэдэвт анхдугаар уулзалтад соёл урлаг, аялал жуулчлал, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл 17 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

 

Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл энэхүү уулзалтад “Орон нутгийн соёл, аялал жуулчлалаар дамжуулан хотын хөгжлийг дэмжих нь" сэдвээр оролцжээ. Тэд хоттой танилцах аялал, орон нутгийн соёлыг аялал жуулчлалаар дамжуулан хөгжүүлэх, хотын өдөр, хотын эвентийг бий болгох зэрэг чиглэлээр туршлага судалжээ.


Мөн Даланзадгад сумын үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүнээр болон гэрэл зурагчин Ж.Амартүвшингийн монголын говийн үзэсгэлэнт байгаль, нэн ховор ан амьтдыг харуулсан 60 гаруй гэрэл зургаар үзэсгэлэнг дэлгэн харуулжээ.



Үйл ажиллагааны үеэр Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35, “Мамп” фестивалийг зохион байгуулсны 20 жилийн ойн баяр, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чанвон хотын “Миний монгол наадам” зэрэг томоохон үйл ажиллагаанууд болжээ.


Тус наадамд эх орноосоо алс хол БНСУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монголчууд оролцдог бөгөөд энэ удаад Монгол Улсаас Өмнөговь, Архангай, Хэнтий аймгийн урлаг соёлын ажилтнууд оролцжээ.



Даланзадгад сум БНСУ-ын Жонбүг мужийн хооронд аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хотуудын хооронд шууд нислэг үйлдэх, Жонжү хотын Их сургуулийн аялал жуулчлалын тэнхимтэй оюутан солилцоог зохион байгуулах, 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бакалавр, магистр, докторантын хөтөлбөрт оюутан элсүүлэх, зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулах, говийн биологийн төрөл зүйл, эртний шим ертөнц, үлэг гүрвэл, түүх соёлын шинжлэх ухааны судалгаанд хамтран ажиллах зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр ярилцжээ.

 

Энэхүү ажлыг зохион байгуулснаар Өмнийн говийг зорин ирэх жуулчдын тоо өсөж аялал жуулчлалыг дагасан эдийн хөгжил нэмэгдэх, ЖДҮ эрхлэгчид олон улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг өндөр ач холбогдол бий болж байгааг ажлын баг онцолж байна.

 


Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж: 

-Энэ удаагийн туршлага судлах ажил их үр дүнтэй болж байна. Тодруулбал, Жонбүг мужтай Өмнөговь аймгийн Даланзадгад сум хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагаа улам өргөжин төгөлдөржиж байна. Даланзадгад сум нийт найман газартай хамтын ажиллагаатай. Үүний нэг нь Жонбүг муж юм. Тус мужийн аялал жуулчлалын сангийн хамт үнэхээр сайн ажиллаж байгаа. Бид энэ сангийн хамт олонтой хамтран өмнийн говио, Даланзадгад сумаа сурталчлан таниулах, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Даланзадгад сумын гэрэл зурагчин Ж.Амартүвшингийн говийн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ нь түүний 3 дахь улсдаа зохион байгуулж байгаа үзэсгэлэн юм. Мөн ЖДҮ эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Тус сангийн хамт олондоо нийт ажлын багийн хамт олны өмнөөс маш их талархаж байна. Бидэнд олон талын боломжууд нээгдэх болно гэдэгт итгэлтэй байна. 


Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа консул Ж.Жадамбаа:

-"Мамп-2025" олон улсын соёлын фестиваль өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ жилийн тухайд тус наадам Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Энэхүү түүхэн наадамд Өмнөговь аймгийн Даланзадгад сум өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Мөн тус сумын гавьяат дуучин Т.Батсайхан хүрэлцэн ирж оролцож байгаад талархлаа. ЖДҮ эрхлэгчид болон Өмнөговь аймгийн аялал жуулчлалын холбооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Та бүхэн эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцгойлон хэлэхийг хүсэж байна

 

Холбоотой мэдээ