УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын
хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг
байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн
заасан байдаг. Иймд байнгын хорооны энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын
бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлснийг
танилцуулсан хэдий ч нэр дэвшигч гадаад улсад албан томилолттой байсан тул
хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ингээд хэлэлцүүлгийг
үргэлжлүүлж, байнгын хорооны
дарга нэр дэвшигчийн талаар танилцуулав.
Нэр дэвшигчээс
асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд
хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд
оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Даваагийн Цогтбаатар нь 1985 онд Баянхонгор аймагт төрсөн, эхнэр 3
хүүхдийн хамт амьдардаг. 1993-2003 онд Баянхонгор аймгийн 10 жилийн II дунд сургууль, 2007 онд Санхүү, эдийн
засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 2007-2012 онд Голомт банканд
эдийн засагч, 2012-2015 онд Голомт банкны Баянхонгор дахь салбарын захирал,
2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, 2021-2023 онд ХААН
банкны салбарын удирдлагын газрын захирал, 2024 онд Хадгаламжийн даатгалын
корпорацид газрын захирал, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж
байна.
Улаанбаатар