ОРХОН: Хойд бүсийн иргэдэд зориулсан мал, махны үзэсгэлэн худалдаа Булган аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-30 08:50:02

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүн амыг хямд, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Миний Булганы алтан намар-2025” үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Булган аймгийн Спортын ордны гадаа талбайн асарт зохион байгуулна.


Булган аймгийн засаг даргын үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн “Шинэ хөдөө-сэргэлт”, ”Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлжээ. 


Тус хөтөлбөрүүд нь орон нутгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон малчдын өөрсдийн байгуулсан хоршоодын мах, сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн борлуулалтыг дэмжиж, сумдын шинээр брэнд болох боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой хэрэгжиж байгаа юм. 


Үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн банк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Булган сумын ЗДТГ, Булган аймаг дахь Политехникийн коллеж, Ажил олгогч эздийн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхим, Тариаланчдын холбоо, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо ажиллана. 


Мөн хойд бүсийн хөрш зэргэлдээ аймгуудын малчид, тариаланчид болон хоршоолол, хүнс үйлдвэрлэгчид оролцох юм. 


Энэ жилийн хувьд намар, өвлийн хүйтний улирал ирж буйтай холбогдуулан айраг, шилмэл амьд малын худалдааг малчдын гар дээрээс хямд үнээр борлуулна гэж зохион байгуулагчид онцлоод, 260 гаруй хүн үзэсгэлэн худалдаанд ирж оролцохоор бүртгүүлсэн гэв.



Холбоотой мэдээ