ДОРНОГОВЬ: Хүүхдүүд хулангийн тухай мэдлэгээ дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Хулан хамгаалах өдөр”-ийг угтан Хатанбулаг сумын ЗДТГ-аас сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад хулангийн эко систем дэх ач холбогдол, түүнд тулгарч буй аюул, бусад мэдээллийн тухай мэдээлэл өгч, харилцан ярилцжээ.
Хүүхдүүд өөрсдийнх нь амьдардаг говь нутагт бэлчээрлэдэг хулан гэх зэрлэг амьтны тухай өргөн ойлголттой болж, түүнийг хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцохоо илэрхийлжээ.
Дэлхий дээрх нийт хулангийн тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монгол оронд байдаг бөгөөд тэр тусмаа Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар ихэнх нь бэлчээрлэнэ. Хулангийн тархац нутаг асар уудам байсан ч төмөр зам, авто зам баригдсанаар тархац нутгийг хуваан таслах, хязгаарлах гол хүчин зүйл болсон төдийгүй цөм сүрэг нь үндсэндээ гурван сумын нутгаар хэмжигдэх болжээ. Хулан бол эко системд маш их ач холбогдолтой амьтан.
Хулан байгаа газар ус бий гэх яриа ч байдаг. Хулан эзэнгүй говьд, хуурай сайрыг хурц хомбон туурайгаарай ухаж өөрийгөө ундаалах ба гаргасан усыг бусад зэрлэг амьтан, мал хүртэл ууж амь залгуулна. Хулангийн гаргасан усыг “Хулангийн цавчаал, татаал” гэж нэрлэх нь бий.
Хулангийн биеийн урт 220 см, өндөр 137 см, сүүлний урт 49 см, биеийн жин 200 кг хүрнэ. Адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүр хэсэгтээ шингэхэн богино хялгастай. Хулангийн гүү хээлээ 11 сар тээж 5-7 сард унагална.
Улаанбаатар