БУЛГАН: Эрүүл орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Элсэн тасархайн баруун талд байршилтай "Бүл таван эрдэнэ" нөхөрлөл жуулчдын тав тухад нийцсэн соруулдаг эко бие засах газрыг ашиглалтад оруулсан байна.
Хөгнө Тарнын ТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Булган аймгийн Рашаант сумын ЗДТГ-тай хамтран Хөгнө тарнын байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын бүс Элсэн тасархайн зүүн тал, Баянхоолой 100 айл, Элсэн тасархайн баруун талд ажиллалаа.
Хамтарсан баг тус бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдтэй уулзаж дараах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Баянхоолой 100 айлд байрлах отоглох цэгийн менежментийг эзэнжүүлэх, хариуцах хүнийг томилох, отоглох цэгийн бие засах газрыг ашиглалтад оруулж, бүрэн бүтэн байдлыг шалгах, нэг удаа орох үнэ тарифийг иргэдэд танилцуулах, Баянхоолой 100 айл орчмын хог хаягдлын менежментийн багийг томилж тээвэрлэлт, ачилтыг эзэнжүүлэх
Отоглох цэгээс хол буюу баруун ба зүүн талын айлуудад (баруун талдаа 1, зүүн талдаа 2 ширхэг) хөрсийг бордоожуулах эко бие засах газрыг иргэдийн хөрөнгө дэмжлэгийн тусламжтайгаар шийдвэрлэх, түүнийг зохион байгуулах ажлыг иргэдээс томилж эзэнжүүлэх, Элсэн тасархайн отоглох цэгийн менежменттэй танилцах, эко бие засах газрыг ашиглалтад оруулах
Ердийн хөсөг ба тэмээ унуулдаг иргэдийн үйл ажиллагаатай танилцаж саналыг сонсох, Элсэн тасархайн баруун талд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд болон бүл нөхөрлөлийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа стандарт горимтой танилцах зэрэг ажлыг шийдвэрлэсэн байна.