БУЛГАН: Аймаг дундын отрын бүсэд 45 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-11 10:31:11

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг дундын "Чилэн" отрын бүсэд хонин толгойд шилжүүлснээр 45 мянган толгой мал өвөлжих тооцоо судалгаа гарсан байна. Үүний дагуу Төв, Өвөрхангай, Булган аймгаас тус бүр 15 мянган толгой хонь өвөлжүүлэхээр санал хүргүүлсэн байна. 


2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнгээс үзвэл, нийт нутгийн 30.9 хувьд бэлчээрийн нөөцтэй, 20.9 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 34.9 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 5.5 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 7.7 хувьд даац олон дахин хэтэрсэн байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 хувьд хүрэлцээтэй, 50 хувьд даац хэтэрсэн үзүүлэлт гарчээ.

 

Даац хэтэрч гарсан бэлчээр нутгийн хэмжээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна.

 

Тус аймгийн 36 малчин өрхийн 17.5 мянган толгой мал өөр аймгийн нутагт,  449 малчин өрхийн 80.6 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, 34 малчин өрхийн 2.1 мянган толгой мал хилийн зурвас бүс нутагт, 131 малчин өрхийн 84.1 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт, 21 малчин өрхийн 12.2 мянган толгой мал тусгай хэрэгцээний отрын бүс нутагт өвөлжихөөр зохион байгуулалтад орсон байна.

 

Аймаг дундын "Чилэн" отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлыг энэ оны 9 дүгээр сарын 29-ны өдөр цахимаар зохион байгуулахад аймгийн ХХААГ-ын Мал аж ахуй хэлтсийн дарга М.Жавзандолгор оролцохдоо мэдээлэл хийж, санал солилцсон байна.




Холбоотой мэдээ