Техаст онц байдал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 5 /BBC/. АНУ-ын Техас муж улсын Керр тойргийн нутаг дэвсгэрт хүчтэй үер буусны улмаас 24 хүн амиа алдаж, зусланд амарч байсан 20 гаруй хүүхэд сураггүй алга болжээ.
Техасын зарим тойрогт онц байдал
зарлаж, 237 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Сан-Антонио хотоос 104 км зайд орших Camp Mystic гэдэг зусланд амарч байсан 25 охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Техас муж улсын захирагч Грег Эбботт 7 дугаар сарын 4-нд тохиодог Тусгаар
тогтнолын өдөрт зориулсан бүх арга хэмжээг цуцалжээ. Ерөнхийлөгч Д.Трамп Техаст
нүүрлэсэн гамшгийг “цочирдуулмаар аймшигтай явдал” гэж нэрлээд тус муж улсад
нэмэлт тусламж үзүүлнэ гэсэн байна.
Үер бууснаар Гуадалупе голын түвшин цаг хүрэхгүй хугацаанд 8 м-ээр дээшилж,
үерийн ус зөөврийн байшингууд, автомашинууд, зуслангийн байшингуудыг хоромхон
зуурт хаман сүйрүүлжээ.
Керр тойргийн шүүгч Роб Келли хэлэхдээ, баасан гарагт болсон үер нь 1987
онд тохиосон үерийн гамшгаас ч илүү хохирол учруулсныг дурдлаа. Тухайн үед автобусаар
зорчиж байсан 10 хүүхэд амиа алджээ.
Техасын Онцгой байдлын газраас пүрэв гарагт гамшгийн бэлэн байдлыг хангах
асуудлаар хэд хэдэн удаа зөвлөгөөн хийсэн бөгөөд Үндэсний цаг уурын алба “ийм
их хэмжээний хур тунадас орно” гэдгийг урьдчилан таамаглаагүй ажээ.
Керри тойргийн цагдаагийн газрын дарга Гуадалупе гол болон бусад усан
сангийн ойролцоо амьдардаг иргэдэд хандан, өндөрлөг газарт очихыг уриалсан
байна.