Нийслэлийн энэ оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлд хугацаат цэргийн албаны энэ оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.
Цэрэг татлагыг энэ сарын 17-19-нд зохион байгуулах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Цэрэгт хамрагдах гэж буй залуусыг нарийн мэргэжлийн 12 төрлийн үзлэгт хамруулж, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, гэмтэл, сэтгэц, халдварт өвчин, зүрх, судас, дотор, арьс зэрэг үзлэг хийж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “Цэрэг татлагыг өнгөрсөн оныхтой харьцуулахад ирц нэмэгджээ. Батлан хамгаалах сэргэлт бодлого болон Эх оронч Монгол-Их сэргэлтийн жилтэй уялдуулан хугацаат цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн нь жолооны “В” ангилал эзэмших, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой. Залуус цэрэг татлагад хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаа нь сайшаалтай байна” гэжээ.