ХӨВСГӨЛ: “Мөнгөн харандаа” гар зураг, хайчилбарын уралдааныг 40 жилийн дараа сэргээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг Хөвсгөл аймагт тэмдэглэж байна.
Ойг тохиолдуулан хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, авьяас чадварыг нээн илрүүлэх, Хөвсгөл нутгийн байгаль, түүх соёл, үнэт зүйлсийг харуулсан бүтээлүүдийг бий болгох зорилгоор “Мөнгөн харандаа” гар зураг, хайчилбарын уралдааныг зохион байгууллаа.
1960-аад онд зохион байгуулж байсан тус уралдааныш тухайн үеийн агуулга хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр 40 гаруй жилийн дараа сэргээн явуулж байна.
Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр, "Энэхүү уралдаанд хүүхдүүд “Миний Хөвсгөл” нэрийн дор зураг зурж, хайчилбар хийхийн зэрэгцээ нутгаа хайрлах, бахархах сэтгэлийг төрүүлэх, урлаг гоо зүйн боловсролыг дэмжих, хүүхдийн өөрийгөө илэрхийлэх орон зайг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Цаашид уралдааныг тогтмол зохион байгуулж хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэнэ” гэдгийг хэллээ.
Уралдаанд тус аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 гаруй сурагч оролцсон юм.