БУЛГАН: Хүний эрхийн боловсрол олгох сургалтад 694 иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-17 12:12:09

Булган, 2025 оны аравдугаар сарын 17  /МОНЦАМЭ/. Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг Булган аймагт 2025 он  гарсаар 17 удаа зохион байгуулж 694 иргэнд хүргэжээ.


Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайханаас дараах асуултад хариулт авав. 


-ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтны хувьд гуравдугаар улиралд ямар үйл ажиллагаа явуулав, хүний эрхийн чиглэлээр онцлог ажлуудаас дурдвал?

 

-Хүний эрхийн боловсрол олгох сургалт үйл ажиллагааг 17 удаа зохион байгуулж 694 иргэнд хүргэсэн бол 55 иргэнд 730 минутын хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, 6 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээг тэгш авах асуудал, эрүүл мэндийн төвүүдэд хяналт үнэлгээг хийж байна.


Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн мэдлэг, хандлага ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн захиргааны байгууллагууд, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн, хууль хяналтын байгууллага, ТББ-ууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Хүүхдийн эрхийн асуудал”, “Хүний эрхийн нөхцөл байдал” зэрэг сэдвээр нийт 11 удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, бодит нөхцөлд тулгуурласан санал, дүгнэлт, зөвлөмж гаргаж аймгийн Засаг даргад танилцууллаа.

 

-Хүний эрхийн хяналт үнэлгээ хийж байна гэсэн. Ямар асуудлын хүрээнд хийв, ямар үр дүн хүлээж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй байдлаар авч чадаж байгаа эсэхэд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн 23 байгууллагад үнэлгээ хийсэн, үр дүн эцэслэн гараагүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар дуугүй хөтөчтэй 3, ариун цэврийн өрөөний хүртээмжтэй 6, тусламжийн хонх байрлуулсан, хөтөч ажиллуулдаг 3, налуу замтай 16 байгууллага тус тус байна.

Нийт хяналт үнэлгээ хийсэн 23 байгууллагын 10 нь 16 удаагийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүний эрхийн чиглэлээр 347 албан хаагчийг хамруулсан. Мөн ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан нийт 6 байгууллага, салбарын 259 албан хаагчид зориулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулсан. Энэ нь төрийн албан хаагч нь хүний эрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр сургалт мэдээлэл дутмаг авч байна гэсэн үг юм. Мөн төрийн байгууллагын мэдээллийн самбарын мэдээллийн хүртээмж хангалтгүй байсныг тухайн байгууллагад зөвлөгөө өгсөн. Хяналт үнэлгээ эцэслэхээр холбогдох байгууллагад танилцуулж, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авах юм.


-Энэ онд хүний эрхийн чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөв?

-2025 оны 10 дугаар сард Комиссын ажлын хэсэг Булган аймагт ажиллана. Хүний эрхийн өдрийг угтсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүний эрхийн боловсрол олгох арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг үйл ажлыг хийж хэрэгжүүлнэ. 



Холбоотой мэдээ