МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

БУЛГАН: Ч.Ариун: Мэдлэгтэй иргэд төрөөс хариуцлага нэхдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-14 10:06:12

Булган, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Мэдлэгтэй иргэн хүчирхэг" төслийг хэрэгжүүлснээр ИТХ-ын хяналтыг чиг үүргийг иргэдээрээ дамжуулан хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төр, иргэний эргэх холбоо сайжирч, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ хэмээн ярих  тус төслийн зохицуулагч Ч.Ариунтай ярилцлаа. 


-"Мэдлэгтэй иргэн хүчирхэг"  төслийг яагаад хэрэгжүүлэх болов?

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр улсын хэмжээнд тэтгэлэгт уралдааныг энэ оны зургаадугаар сард зарласан. Энэ хөтөлбөрт 90 төсөл сонгогдсоноос шалгарсан 24 төсөлд манай "Мэдлэгтэй иргэн хүчирхэг" төсөл багтсан юм. Харин улсын хэмжээнд гуравхан төрийн байгууллага тэнцсэний нэг нь манай ИТХ-ын төсөл байсан юм.


Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцэн баталсан. Тус төлөвлөгөөндөө Хурлын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлж  өнөөдрийн байдлаар 45.8 хувьтай байгааг  51 хувьд хүргэх зорилт тавьсан. Ингэж иргэдийн оролцоог тодорхой түвшинд нэмэгдүүлэх нь хурлаас гарч буй шийдвэр бодитой хэрэгжих нөхцөл үүсэх боломжтой гэж үзэж байна.


-Төслийг хаанаас хэрхэн санхүүжүүлэх вэ?

-НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах нь-Оролцоо 3P4D” төслийн хүрээнд 30 сая төгрөгийн дэмжлэг авч энэ төсөл хэрэгжиж эхлээд байгаа.


-Одоогоор төсөл ямар шатандаа явна вэ?

-Бусад аймаг, сумын тэргүүн туршлагыг судалсан гэж дээр дурдсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Мөрөн суманд 3L аргачлал хэрэгжиж байна. Тус аргачлалыг боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад Б.Лхагва, Ч.Лхагвасүрэн, Ж.Лхагвасүрэн нар боловсруулсан. Тэгээд 3L аргачлалыг Дэлхийн банкны МАСАМ-II төслийн хүрээнд туршиж үзээд Хөвсгөл аймгийн 2 сум, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймагт хэрэгжүүлсэн байна.


Бид иргэдийн оролцоотой хяналт-үнэлгээ хийх журам, аргачлалын төслийг боловсруулж дууссан. Сумын ИТХ-ын ажлын албанаас санал авахаар хүргүүлээд байна. Удахгүй 16 сумын иргэний танхимын ажилтнууддаа тус журам, аргачлалаараа сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. 


-Энэ төслийг хэрэгжүүлэх нь иргэн хүнд ямар ач холбогдолтой вэ. Төслийн үр дүнг хэн хүртэх вэ?

-Энэ журам, аргачлалаа үндэслэлтэй боловсруулж, амжилттай хэрэгжүүлж чадвал ИТХ-ын хяналтыг чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. Төсөл хэрэгжүүлнээр төрөөс хариуцлага нэхдэг болно. Энэ аргачлал нь төр, иргэн хамтраад нэг баг болоод хяналт үнэлгээ хийж, цаашид хэрхэхээ тодорхойлж, төр, иргэний эргэх холбоо сайжирч, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх юм.


Булган аймгийн иргэд төслийн үр дүнг хүртэнэ. Иргэд мэдлэгтэй байснаар хэнд, хаана, хэзээ хандаж, ямар тулгамдсан асуудлыг шийдүүлж чадах вэ гэдгийг ойлгож асуудалд зөв талаас нь ажил хэрэгч ханддаг болно.


-Сургагч багш нар хэзээ бэлэн болох вэ?

-Энэ оны 10 дугаар сарын хоёр дахь 7 хоногт сумдын Хурлын ажилтныг сургахаар төлөвлөж байна. Эхний ээлжид бид туршлагаа судалчихсан, 16 суманд сургагч багш нарыг бэлтгэх, иргэний нийгмийн байгууллагуудаа чадавхжуулах сургалтаа хийж байна. Энэ бол бидний анхны амжилттай алхам. Энэ сарын дунд үед 30 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тус аргачлалаар хяналт үнэлгээ хийх, тэднийг чадавхжуулах зорилготой сургалт дадлага хийх юм. 


-Булган аймгийн Иргэний нийгмийн байгууллага иргэн бүрдээ мэдлэг мэдээллийг хэрхэн түгээж байна?

-Улсын бүртгэлд 2024 оны байдлаар бүртгэлтэй 192 байгууллага  байдаг ч  тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөхөн юм билээ. "Булганы мэдээ" сонин болон "Сайхан Монгол" орон нутгийн телевизтэй хамтраад түгээнэ. Төслийн хүрээнд дээрх 2 хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид энэ төслөөр дамжуулан иргэдийн оролцоог сайжруулснаар багийн ИТХ-ын ирцийн хувь нэмэгдэж, иргэн бүр хуралдаа оролцдог болж, өөртөө тулгамдаж байгаа асуудлаа гаргаж, хэрэгтэй зүйлээ шийдвэрлүүлж чаддаг болно гэсэн хүлээлттэй байгаа.


-Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Төсөл амжилттай хэрэгжвэл Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Олон нийтийн оролцоотой хяналт үнэлгээ хийх журам аргачлалыг Хөвсгөл аймаг болон Мөрөн сумын ИТХ 2023 онд боловсруулж, Хурлаараа батлуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Тус журмаар иргэд хяналт үнэлгээний багт нь орж, аймаг сумынхаа Хуралтай хамтран ажиллаж байгаа сайн туршлага бий. Тэгэхээр бид нэн тэргүүнд тус туршлагыг Булган сумандаа нэвтрүүлж туршиж үзээд боломжтой байвал бусад сумандаа түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.



Холбоотой мэдээ