МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ДОРНОД: Мод үржүүлгийн газрыг сум дундын Ойн ангид хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-14 17:26:50

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул суманд 70 га газарт мод үржүүлгийн газрыг байгуулж, сум дундын Ойн ангид өчигдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү мод үржүүлгийн газрыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх замаар ойг нөхөн сэргээх төсөл”-ийн санхүүжилтээр байгуулсан юм.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Ёл оролцож, мод тарьж үржүүлэх 57 ойн нөхөрлөл, иргэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тэдний тарьж ургуулсан модыг борлуулахад бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Дээрх төслийн хүрээнд 70 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, үүний 20 га-д сум дундын ойн анги үйл ажиллагаагаа явуулах, 50 га талбайг иргэн, нөхөрлөлүүдэд хувиарлан мод үржүүлгийн аж ахуй эрхлэх бололцоог бүрдүүлжээ. Доройтсон 80 га газарт 200 мянган ширхэг нарс, 14 га газарт 35 мянган шинэс тарьж, нийт 200 гаруй мянган тарьц суулгац тариад байна. Түүнчлэн модны тарьц суулгац тарих, арчлах, хортон шавж, түймэр унтраахад зориулж, 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид нийлүүлээд байгаа юм. 


Холбоотой мэдээ