МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Шенгений бүсэд зорчиж буй иргэдэд хамааралтай шинэ журам хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-14 15:27:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Шенгений бүсэд 90-ээс доош хоногийн хугацаанд зорчиж буй иргэдийг тус бүс рүү нэвтрэх болон гарахад хил дээр хурууны хээ, зураг авч бүртгэх шинэ журмыг энэ сарын 12-ны өдрөөс Шведийн Хаант Улсад хэрэгжүүлж эхэллээ.


Шинэ журмын хүрээнд насанд хүрсэн иргэн Швед Улсаас гарах, орох /Шенгений бүсээс шууд гарах/-д хурууны хээ өгч, зургаа авхуулах бол 12 болон түүнээс доош насны хүүхдийг бүртгэх ч хурууны хээ авахгүй ажээ.


Шенгений бүс, Европын Холбооны гишүүн орны иргэд, байнгын оршин суугчдад эл журам үйлчлэхгүй. Журам хэрэгжиж эхэлснээр хилийн шалган дээр дараалал үүсэх магадлалтай тул зорчигчдыг нисэх цагаасаа эрт ирэхийг албаны хүмүүс уриалж байна.


Шенгений бүсэд Австри, Бельги, Болгар, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвег, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Швейцар, Эстони Улс багтдаг гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ