МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ЗАВХАН: Хавдрын талаарх мэдлэг ойлголтыг өгөх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-13 17:28:26

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эрүүл мэндүийн байгууллагууд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг тогтмол өгч байна.


Өнөөдөр буюу 10-р сарын 13-ний өдрийг "Хөхний даруулгагүй өдөр" уриан дор дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын талаар мэдлэг олгох олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.


Аравдугаар сар нь бүхэлдээ хөхний хорт хавдрын хор уршгийг таниулах сар. Харин Хөхний даруулгагүй өдрийн зорилго нь нийт эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг уриалах зорилготой юм. Хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хөхний хавдрын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах. Хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй өвчтөнд итгэл найдвар, хүч чадлыг нэмэх онцгой сар, өдөр юм.


Завхан аймагт хавдартай хэмээн оношлогдсон хүмүүсийн 15 хувийг нь хөхний хавдар эзэлж байна. Хамгийн сүүлд зорилтот төслийн дэмжлэгээр 3477 эмэгтэйд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийхэд хөхний хорт хавдрын 53 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тиймээс бид амбулатороор үзлэгт хамрагдаж байгаа эмэгтэйчүүдэд зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмол хийж байна.


Хөхөө өөрөө хэрхэн шалгахыг зааж өгч, хавдраас сэргийлэх таван дадал, хорт хавдрын эрсдлийг бууруулах сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 420 хүнийг сургалтад хамруулж, 213 ширхэг гарын авлагыг тарааж өгчээ. Хавдар бол эдгэдэг өвчин. Хамгийн гол нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж эрт үед нь оношлуулах нь чухал юм. Тиймээс иргэдэд зөвлөн тусалж, эмэгтэйчүүд эрт илрүүлэгт үзүүлэх нь чухал байна.

Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх нь зүйтэй юм гэж Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Эрэгтэйчүүд ч бас хөхний хорт хавдраар өвчилж болох ба эмэгтэйчүүдтэй адил шинж тэмдэг илэрнэ. Ихэнх төрлийн хөхний хавдар эмчлэгдэх боломжтой байдаг учраас эрт илрүүлэг маш чухал юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог нийтлэг хорт хавдрын нэг юм. Энэ нь нэг буюу хоёр хөхөнд нөлөөлж болох ба амьдралынхаа туршид 1 эмэгтэй тутмын 8-д нь оношлогддог гэсэн баримт бий. Хөхний хавдартай хэмээн оношлогдсон эмэгтэйчүүдийн 40 хувь нь хөх суга орчимдоо хатуу, товгор зүйл мэдэрсэн байдаг ба хөхний хавдрыг эмчлэхэд эрт илрүүлэг хамгийн чухал гэж зөвлөжээ.


Интернет орчинд хөхөө өөрөө шалгах аргыг тайлбарласан тус болохуйц маш олон инфографик, мэдээллүүд байдаг. Хэрэв та хөх, суга орчмоор хатуу бөөгнөрсөн зүйл эсвэл ямар нэг хэвийн бус зүйл, жишээлбэл хөхний толгойноос цусархаг эсвэл идээт шингэн гарах, улайх хонхойх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх гэх мэт тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй хэмээн Завхан аймгийн Амаржих газрын эмэгтэйчүүдийн их эмч Б.Сэр-Од зөвлөж байна. 

Холбоотой мэдээ