ОХУ, АНУ-ын удирдагчид Будапештад уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны аравдугаар сарын
17 /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп
нар өчигдөр утсаар ярьж, хоёр орны хамтын ажиллагаа, хоёр талын дээд хэмжээний
уулзалт, Украины хямралтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах
Юрий Ушаков мэдэгдлээ.
Оросын талын санаачилгаар хоёр удирдагч утсаар ярьсан бөгөөд яриа хоёр цаг 30 минут үргэлжилжээ. Хоёр улсын
төрийн тэргүүн нарын 8 дахь удаагийн яриа үр дүнтэй, гүнзгий утга агуулгатай
болсныг Ю.Ушаков онцлон тэмдэглэв.
Унгарт болох саммит
“Энэ бол маш чухал сэдэв. Хоёр улсын
төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг нэн даруй хэлэлцэх бөгөөд
уг уулзалтыг Будапешт хотод зохион байгуулах боломжтой” гэж Оросын Ерөнхийлөгчийн
туслах хэллээ.
Уулзах газрын тухайд Д.Трамп
санал гаргасныг В.Путин дэмжсэн байна. Уулзалтын тов Гадаад хэргийн сайд
С.Лавров, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио нарын уулзалтаар тодорхой болох
юм.
Украины хямрал
Украины асуудалд хоёр улсын удирдагчид онцгой анхаарал хандууллаа. В.Путин хэлэхдээ, Оросын тал хямралыг дипломат арга замаар зохицуулахын төлөө байгааг онцлон тэмдэглээд, үүссэн нөхцөл байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн байна. “Оросын зэвсэгт хүчин фронтын нийт шугамын дагуу стратегийн санаачилгыг гартаа авсан” гэдгийг В.Путин дурджээ. Мөн Украины тал террорист арга барилыг хэрэглэж, иргэний объектуудад цохилт өгч байгаа тул Оросын тал үүнд хариу өгөхөөс аргагүйд хүрсэн гэдгийг онцлов.
Түүнчлэн хоёр удирдагч Томагавк
пуужинг Украинд нийлүүлэх гэж буйг хэлэлцсэн байна.
В.Путин хэлэхдээ “Томагавк пуужин нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг
өөрчилж чадахгүй, харин хоёр орны харилцаанд багагүй хохирол учруулна” гэдгийг
дурдлаа.
Хариуд нь Д.Трамп хэлэхдээ, Украинд
нэн даруй энхийг тогтоох шаардлагатай байгааг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн
байна. Украины хямралыг төгсгөл болгох нь Орос-Америкийн эдийн засгийн
харилцаанд асар том хэтийн төлвийг нээнэ гэдгийг АНУ-ын удирдагч дурдлаа.
Бусад асуудал
- Хямралын зохицуулахад гаргасан амжилтуудаа АНУ-ын Ерөнхийлөгч дурдсан байна.
- Оросын Ерөнхийлөгчийн зүгээс Трампын гэргий Меланиад сайн сайхны хүсэн ерөөгөөд, Орос, Украины хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэхэд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.
- Ерөнхийлөгч Д.Трамп утасны яриа үр дүнтэй болж, томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг дурдлаа.
- В.Путин, Д.Трамп нар хоёр орны
ард түмэн бие биедээ гүн талархалтай ханддаг болохыг дурдаад, цаашид утсаар
ярьж, холбоо харилцаатай байхаар тохиролцсон байна.
Тэд хамгийн сүүлд наймдугаар сарын 19-нд шилжих шөнө утсаар ярилцах үеэрээ Орос, Украины төлөөлөгчдийн хооронд тогтоосон шууд холбоог үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм.