Б.Баясгалан: Дуутын бичээс өвөг дээдсийн маань бичгийн эрдмийг тодотгодог түүхэн баримт

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-11 11:46:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" өв багтсан билээ. ЮНЕСКО-д бүртгэлтэй энэхүү өв - Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн хамгаалалтын асуудлаар “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн Б.Баясгалантай ярилцлаа.


-Та бидэнд “Монгол дуу, дүрс” сангийнхаа тухай товч танилцуулна уу?

-Манай “Монгол дуу, дүрс сан 2005 онд байгуулагдсан. Анх Монголынхоо түүх соёлыг гадаадад сурталчлах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Сүүлийн 10-аад жилд монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, гадаадад сурталчлах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, багш нар, монгол бичгийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллаж байна.


-Та бүхэн Дуутын хадны бичээсийг хамгаалах чиглэлээр ямар ямар ажил хэрэгжүүлж ирэв?

-Би Дуутын хадны бичээсийг 2021 онд анх очиж үзсэн. Тэр үед үзчихээд, энэхүү дурсгал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт буй монгол бичгийн харьцангуй сайн хадгалагдсан хамгийн том дурсгал, үүнийгээ хайрлаж хамгаалж энэ соёлын өвийн талаар дотооддоо төдийгүй гадаадад сурталчлах нь зүйтэй юм байна гэж бодогдсон. Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд, ТББ-ынхаа шугамаар төсөл боловсруулан гадны болон дотоодын байгууллагуудад хандах бодолтой буцаж ирсэн юм.

2021 оны намар АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах тэтгэлгийн тухай олэ мэдээд эхлээд тэдэнд хандсан л даа. Ингээд төсөл бичээд эхний жилдээ шалгараагүй. "Төслөө дахин сайн боловсруулаад хандаж болно" гэсэн хариуг аваад 2022 оны намар дахин АНУ-ын ЭСЯ-ны хөгжиж буй орнуудын соёлын өвийг хамгаалах тэтгэлэгт өгөөд 2023 онд Монгол Улсаас энэ төсөл маань ганцаар шалгарсан. Ингээд албан ёсоор 2023 оны 10 дугаар сарын 1-нээс төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл 2025 оны 8 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.


-Төслийн хүрээнд, ямар ямар байгууламжийг шинээр буй болгосон бэ?

өслийн хүрээнд хэд хэдэн гол ажил хийхээр төлөвлөсөн юм. Нэгдүгээрт, Дуутын хадны ойр орчимд хүний болон цаг уурын сөрөг нөлөөллийн талаар судалгаа хийхийг зорьсон. Яагаад гэвэл ойр орчимд нь элс ихтэй, элсээр шуурдаг, цас их ордог зарим жил цас орохоороо тал хүртэл нь хунгар тогтдог юм билээ л дээ. Энэ мэт зүйлээс хэрхэн хамгаалах вэ хэмээн байгаль хамгаалагч, хөрс судлаач, геологич, аялал жуулчлалын чиглэлийн гэх зэрэг 5-6 мэргэжилтэнтэй баг бүрдүүлэн судалгаа эхлүүлсэн.

Хоёрдугаарт, Дэлгэрхаан сумын иргэдэд төслийнхөө талаар танилцуулж, иргэд хэрхэн хамтран оролцох талаар танилцуулга, сургалт зохион байгуулсан.

2024 онд 400 жилийн ойг нь тэмдэглэхтэй холбогдуулан тус дурсгалыг сурталчлах эрдэм шинжилгээний хурал, уран бичлэгийн уралдаан тэмцээнийг “Бичиг соёл” төвтэй хамтран зохион байгуулсан.

Гуравдугаарт, тохижилтын ажил. Учир нь тэнд хэн дуртай нь машинтай, мотоциклтой очоод л хадны хажууханд нь машинаа тавиад, зогсоох жишээний байсан. Олон улсын жишгээр тийм байж болдоггүй юм билээ. Тиймээс машины зогсоол, саравч, сандал ширээ, танилцуулгын самбар зэргийг хийсэн.  Мөн Дэлгэрхаан сумын иргэдтэй хамтран эхний ээлжид 100 мод суулгасан. Мөн тэдгээрийг хамгаалж хашаа барьж, тор татсан.








-Дуутын хадны бичээс дурсгалыг камержуулсан тухай саяхан сонссон...

-Дэлгэрхаан сумын ЗДТГ-аас ийм хүсэлт тавьсны дагуу бид “ARISTON компанийнханд хүсэлт тавин, 2023 оны 11 дүгээр сард камержуулах боломж, нөхцөлийг судлуулсан. Тэд ч хүсэлтийг хүлээн авч тохижилтын ажлаа эхлүүлсэн. Мөн Дэлгэрхаан сумаас Дуутын хад орох 25 км замын дагуу чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээ босгож тавьсан. Хяналтын камер нь нарны хавтангаар 24 цагийн турш цэнэгээ хуримтлуулдаг. Өвөл, зуны алинд ч ажиллана.


Монгол Улсын хэмжээнд зөвхөн байгаль дээр байгаа соёлын өв гэхэд л 80 гаруй мянга байдаг бөгөөд энэ нь анхны камержуулсан тохиолдол болсон юм.


-Улаанбаатар хотоос юм уу, Дэлгэрхаан сумынхан төвөөсөө шууд хянах боломжтой юу?

-Харах боломжтой. Би одоо ч утаснаасаа харж болно. Дэлгэрхаан сумын ЗДТГ-аас бас харж байгаа.




-Нутгийн ард иргэд төслийн ажлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш сайхан хүлээж авсан. Анх төслөө шалгаруулахад тэдний зөвшөөрөл, санал, дэмжлэг ч нөлөөлсөн. Одоо ч дэмжиж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд бид байнга л холбоотой байдаг юм.


-Цаашид, энэ бичгийн дурсгалтай холбоотой хийж бүтээхээр бодсон, төлөвлөсөн зүйл танд бий юү?

-Энэ төслийн хоёр дахь, гурав дахь шатанд Дуутын хадны орчмыг аялал жуулчлалын цэг болгоод, ногоон байгууламж, парк байгуулъя гэсэн мөрөөдөлтэй байсан. Одоохондоо төслийг үргэлжлүүлье гэж төлөвлөсөн юм байхгүй байна. Бид юун түрүүнд эхний төслөө амжилттай хэрэгжүүлэх л зорилго, төлөвлөгөөтэй байна.


-Олон удаа очиж, харж хамгаалж буй хүний хувьд, энэ дурсгалын онцлог, үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?

-Миний хувьд яг монгол бичгийн мэргэжлийн судлаач, багш биш л дээ. Гэхдээ монгол бичгээ хүндэтгэдэг, хайрладаг, ойлгодог хүний хувьд энэ дурсгалын ач холбогдлыг хэлэхэд, биеэр очоод үзэхэд хүндлэл, бишрэл мэдэрнэ. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Дэргэдээс нь харахад манай өвөг дээдэс бидэнд ямар гайхамшигтай өвийг бүтээж үлдээсэн юм бэ гэх бахархал төрдөг.

Хоёрдугаарт, 400 жил өнгөрсөн атал одоо ч тод дурайж байдаг нь гайхалтай.

Гуравдугаарт, энэ бичээс их, дунд, бага бичээс гэсэн гурван бичээсийн цогцолбор. Үүн дээр яруу найраг байна, философи байна. Дан ганц монгол бичгээр ч биш төвөд, ланз, ханз гээд гурван янзын бичгээр биччихсэн. Тэр үеийн манай өвөг дээдсийн бичгийн эрдэм мэдлэг нь ямар байсныг илтгэх түүхэн баримт шүү дээ.


Дуутын хадны бичээс бол байгаль дээр ил байгаа монгол бичгийн хамгийн том дурсгал гэж ойлгож болно. Үүнийг бид хайрлаж, хамгаалж, хойч үедээ өвлүүлж үлдээх ёстой, тийм ч ухамсартай байх ёстой.


Үүний тулд зөвхөн дотоодод биш гадаадад ч таниулан сурталчлах хэрэгтэй. Энэ чиглэлээр дорвитой ажил явуулмаар байгаа юм. Үүнд манай төр засаг анхаарууштай санагддаг. 

-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ