Хонконгт гарсан түймрийг мөрдөн шалгахыг тушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-02 16:02:58

ХОНКОНГ, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. Хонконгт 151 хүний ​​аминд хүрсэн гал түймрийн шалтгааныг тогтоох бие даасан хороо байгуулахыг Хятадын засаг захиргааны онцгой бүсийн тэргүүн Жон Ли тушаажээ. 


Өнгөрсөн лхагва гарагт их засвар хийж байсан “Wang Fuk Court” орон сууцны хорооллын найман байрны долоо нь түймэрт өртсөн юм. Мөрдөгчид барилгуудын эргэн тойронд байрлуулсан хамгаалалтын тор нь галд тэсвэртэй байх стандартыг хангаагүй болохыг тогтоожээ.


Барилгын компанийн захирлуудыг оролцуулан нийт 13 хүнийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Хонконгт сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн түймэр энэ болжээ. Гэхдээ аврах албаныхан цогцсуудыг гаргаж ирсээр байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Лигийн мэдэгдсэнээр, шинээр байгуулах хороог шүүгч удирдаж, “цогц шинэчлэл” хийх бөгөөд “ирээдүйд ийм эмгэнэлт явдал гарахаас урьдчилан сэргийлэх” тал дээр ажиллах ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс яагаад албан тушаалдаа үлдэх ёстой талаар асуухад, тэрбээр шинэчлэл шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч уг асуултад шууд хариулаагүй байна.


“Тийм ээ, энэ бол эмгэнэлт явдал, том түймэр гарсан. Тийм ээ, бидэнд шинэчлэл хэрэгтэй. Янз бүрийн шатанд алдаа дутагдал гарсныг бид тогтоосон. Тийм учраас бид эдгээр бүх цоорхойг арилгахын тулд нухацтай ажиллах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Барилгын дээд тал руу болон байшингуудын хооронд хурдан тархсан галыг баасан гаргийн өглөө буюу дэгдэж эхэлснээс нь хойш 40 цагийн дараа бүрэн унтраажээ. Түймрийг унтраах ажиллагаанд 2000 гаруй гал сөнөөгч оролцсон байна.


Мөн өдөр цагдаа нар нотлох баримт цуглуулахаар барилгуудад нэвтэрч эхэлжээ. Эрх баригчдын мэдээлснээр, мөрдөн байцаалт 3-4 долоо хоног үргэлжилж магадгүй байна. Хамгаалалтын тор болон барилгын гадна талд байрлуулсан бусад шатамхай материалуудаар дамжин түймэр блокуудаар хурдан тархсан гэж албаныхан мэдэгджээ. Түүнчлэн хэд хэдэн оршин суугч гал гарах үед галын дохиолол сонсоогүй гэж мэдүүлсэн байна. Хонконгийн гал түймэртэй тэмцэх алба найман блокийн дохиолол хэвийн ажиллахгүй байгааг тогтоожээ.


“Wang Fuk Court” хороолол нь 1983 онд баригдсан бөгөөд 4600 орчим оршин суугчдад 1984 орон сууц олгосон байжээ. Оршин суугчдын 40 орчим хувь нь 65 настай гэж тооцоолж байна. Зарим нь орон сууцны хорооллыг баригдсанаас нь хойш тэнд амьдарч байгаа юм.


Хонконгийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн хоёр дахь гал түймэр 1948 онд гарсан бөгөөд таван давхар агуулахын нэг давхарт болсон дэлбэрэлтийн улмаас 176 хүн амиа алдсан байна. Харин хамгийн их хохирол амссан нь 1918 онд “Happy Valley” морин тойруулгад гарсан түймрийн улмаас 600 гаруй хүн амиа алдсан явдал юм.



Холбоотой мэдээ