Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Испани улс Японыг гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-05 17:13:36

МАДРИД, 2025 оны долоодугаар сарын 5 /KAZINFORM/. Үйлчилгээний салбар, ялангуяа аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгаагаас үүдэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Испани улс Японыг гүйцэж түрүүлсэн тухай Euronews мэдээлжээ.


Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдээлэлд дурдсанаар, Испани улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 36190 ам.доллар болсон нь Японыхоос /33960 ам. доллар/ давсан байна.


Харин ДНБ-ий нийт хэмжээгээр Япон улс илүү хэвээр байгаа юм.


Энэхүү өсөлт нь 2021 оноос хойш Японы иений ханш 40 хувиар унаснаар тус улсын доллароор тооцсон ДНБ буурсантай холбоотой гэдгийг шинжээчид дурдлаа.


Сүүлийн жилүүдэд Испанийн эдийн засаг хямралын дараа түргэн сэргэж, 2024 онд 3,2 хувийн өсөлттэй байсан нь Герман, Франц, Итали зэрэг еврогийн бүсийн гол орнуудынхаас давсан үзүүлэлт юм. Дотоодын эрэлт өссөн ба эдийн засгийн 2/3-ыг бүрдүүлдэг аялал жуулчлал ба үйлчилгээний салбарууд хурдацтай хөгжиж байгаа нь Испанийн ДНБ өсөхөд нөлөөлжээ.  


Түүнчлэн төрийн дэмжлэг, эрчим хүчний үнэ хямд байгаа, хүн ам өссөн зэрэг нь ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн байна. Хямралын дараа Испанийн хөдөлмөрийн зах зээлд шинэтгэл хийснээр илүү уян хатан болж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн байна.


Гэтэл Японы эдийн засаг сүүлийн 30 жилийн турш өсөөгүй бөгөөд цар тахал, хүн амын хөгшрөлт, дотоодын эрэлт сул байгаа нь үүнд нэрмээс болсон байна. ОУВС-ын таамаглаж байгаагаар, 2025 онд Энэтхэг улс ДНБ-ий хэмжээгээр Японыг гүйцэж түрүүлэх бөгөөд ингэснээр Япон улс ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 5 дугаарт бичигдэх юм.  


Испанийн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 2030 он гэхэд 42300 ам. доллар болох бөгөөд Японыхоос /41700 ам. доллар/ илүү хэвээр байна гэж ОУВС тооцоолжээ.  

Холбоотой мэдээ