Европын Холбоо, Узбекистаны түншлэлийг өргөжүүлэх тухай гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-25 12:31:23

БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 25 /DW/. Европын Холбоо, Узбекистаны төлөөлөгчид Түншлэл ба хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд (EPCA) гарын үсэг зуржээ. Энэ тухай Европын Комисс, Европын Зөвлөлийн хэвлэлийн алба баасан гарагт мэдээлсэн байна. 


"Олон жил үргэлжилсэн яриа хэлэлцээнд суурилсан стратегийн түншлэлийг хөгжүүлэх түүхэн баримт бичиг байгууллаа" гэж Европын Комиссын мэдэгдэлд онцолжээ. Хамтын ажиллагааны энэхүү хэлбэр нь худалдааг төрөлжүүлэх болон тогтвортой хөгжлийг дэмжих ажээ. 


“EPCA нь кибер аюулгүй байдал, терроризмтой тэмцэх, хил хамгаалах, гибрид аюулаас сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байна” гэж Европын Зөвлөл онцолсон байна. Европын Холбоо Узбекистаны эдийн засгийг шинэчлэх, төрөлжүүлэх, инновац татахад дэмжлэг үзүүлж байгаа юм.


Европын Комиссоос мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр нь “дөрөвдүгээр сарын 4-нд Узбекистаны Самарканд хотод болсон Европын Холбоо-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын дараа стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, бүс нутагтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх чухал алхам” болсныг илтгэж байна. Түүнчлэн “улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх, харилцан ашигтай олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж байгааг” дурдаад тээвэр, боловсрол, хууль дээдлэх ёс, иргэний нийгмийг дэмжих  асуудлыг онцгойлон анхаарсан гэдгийг тэмдэглэжээ.


Хамтын ажиллагааны шинэ хэлбэр нь мөн “мөргөлдөөн, хямралыг зохицуулах, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, зэвсэгт хяналт тавих, экспортыг хянах” зэрэгт чиглэж буйг нэмж дурдсан байна.


Энэхүү хэлэлцээр нь мөн 2024 оны харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлан “ногоон” ба дижитал шилжилтэд шаардлагатай чухал түүхий эдүүдийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг нээж байна гэжээ.


"Европын Холбоо болон Узбекистан EPCA-д гарын үсэг зурснаар олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх, мөн олон талын үр өгөөжтэй хамтын ажиллагаагаар дамжуулан энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тууштай байгаагаа дахин нотолж байна" гэж Европын Комисс мэдэгджээ. 


Европын Холбоо, Төв Азийн харилцаанд “шинэ эрин үе” эхлүүлснээ Европын Холбооны эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан юм. Европын холбоо Хятадын “Шинэ Торгоны зам” санаачилгын хариуд "Global Gateway"  хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Нөөц баялаг ихтэй бүс нутагт нөлөөллөө тогтоохын төлөө тус холбоо Орос, АНУ болон Турктэй өрсөлдөж байна.

Холбоотой мэдээ