ХОВД: Аварга адуучныг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-06 14:28:10

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аварга адуучин шалгаруулах тэмцээн энэ сарын 13-ны өдөр Буянт голын хөвөөнд болно.

Энэ нь монгол түмний бахархал болсон адууны өв соёлыг сурталчлах, хойч үедээ уламжлуулах, орон нутгийн адуучдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 


Тэмцээнийг Ховд аймгийн Адуучдын холбооноос санаачилж, Буянт голын их гүүрний ард зохион байгуулахаар төлөвлөжээ.


Дээрх тэмцээн насанд хүрэгчид (эрэгтэй, эмэгтэй), өсвөр үе (14-17 нас) гэсэн ангиллын дагуу өрнөнө. Оролцогчид уурга болон ташуур шүүрэх, морьтой ба явган бугуйлдах, эмнэг сургах, морьтой саад сүлжих гэх мэт олон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.    


Удахгүй болох “Ховд аймгийн аварга адуучин-2025” тэмцээний бүртгэл, бусад мэдээллийг 88439070, 99470284, 90431111 утсаар лавлах боломжтой.


Энэ тэмцээнийг өнгөрсөн онд анх удаа зохион байгуулахад 17 сумаас 50 гаруй адуучин оролцож, авьяас, ур чадвараа сорьж байжээ. 


Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй бөгөөд 3.5 сая толгой малтай.


Малын тоог төрлөөр нь авч үзвэл, адуу 157.3 мянга буюу 9.9 хувийг эзэлж байна.


Холбоотой мэдээ