АРХАНГАЙ: Бурхан багшийн найман суварга шүтээн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Архангайн Музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлдэг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бий. Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.
Музейд хадгалагдаж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Бурхан багшийн найман суварга танка.
Бурхан багшийн найман суварга танка нь шороон будаг, зотон, 51х40 см хэмжээтэй, аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.
Бурхан багш гэрлэн биеийн өмнө номын хувцас асаан, баруун мутраар нотлох мутарлага үйлдэн, зүүнээр бадар аяга барьж, амарлингуй дүрээр арслан сэнтийд заларчээ. Бурхан багшийн доор усны мандал дээр ургасан бадам цэцгийн сэнтий дээр өвчин зовлонг нимгэлэх, насан буяныг уртасгагч Манал бурхныг дүрсэлжээ. Түүний зүүн талд Манзушир, баруун талд нь Очирдара бурхад оршино.
Энэхүү бүтээлд бурхан багшийн амьдралын гол найман үйл явдалд зориулсан суваргуудыг алтаар урлажээ. Зургийн зүүн талд бурхан багш мэндэлсэн бодь суварга, баруун талд тэнгэрээс буусан өлзий оршихын олон үүдэт байна. Зургийн доод хэсэгт тэрсүүдийг ялсан, эе эвдэрсэн хуваргуудыг эвлэрүүлсэн, төгс ялсан, гаслангаас гэтэлсэн суваргыг зүүнээс баруун тийш дарааллаар бүтээжээ.