Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн Дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх дурсгал дээр техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээ зурсан зургийг дэлгэж байна.
Тус музей МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газарт энэ оны 6, 7 дугаар сард хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ хүрээнд хамтран “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэн Монголын эртний түүх, Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн нэгдмэл нэг соёл, өргөн уудам нутагт түгэн дэлгэрч байсныг харуулах зорилготой юм. Үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, тухайн дурсгалын бүрэлдэхүүнд ямар онцлог дурсгалууд багтдаг, тэдгээр дурсгалын онцлог болон хоорондын нийтлэг зүйлс хаана ямар зүйл дээр сийлдэг талаар олон нийтэд тодорхой түүхэн баримтаар харуулж буйг судлаачид тодотгов.
МУИС-ийн багш, дэд профессор, археологич, доктор Т.Идэрхангай “Дөрвөлжин булш асар өргөн
уудам нутагт ижил дэг жаягтай, нэгэн нэгдмэл соёлын хэв шинжтэй амьдарч, үнэт
соёлын олон дурсгал үлдээсэн. Дөрвөлжин булш нь хүн чулуутай байсан.
Гэтэл өмнөх судалгааны зохиолуудад Дөрвөлжин булшинд хүн чулуу бий гэж
бичигдээгүй байдаг. Бидний сүүлийн судалгаагаар 100 гаруй хүн чулуу шинээр
илрүүлсэн. Мөн Дөрвөлжин булштай холбогдох хадны зураг, хадны сийлмэл зураг
ихээр илэрсэн. Хүн чулууны ойролцоо байдаг адуу тойруулсан зам, дүрслэлүүд яг
хэв маягаараа хадны зургууд дээр гарсан. Үүнээс үзэхэд эдгээр хадны зураг
нь Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн бүтээл мөн гэдгийг баримтаар баталж байна.
Харин бид олон соёлын давхарга дундаас Дөрвөлжин булш бүтээгчдийн хадны
зургуудыг ялгаж харуулах юм. Мөн 3000 жилийн өмнө зосоор зурсан боловч өнөө үед
бүдгэрч бараг алга болсон зургуудыг орчин үеийн дэвшилтэт техник технологийн
тусламжтай сэргээн тодруулсан. Техник, технологийн аргаар бүдгэрч, 70 хувь нь
алга болчихсон зургуудыг тодруулж харахад зам, морь, хүмүүсийн дүрслэл бүрэн
бүтнээрээ ил гарч ирсэн. Зарим бүдгэрсэн толбо мэт харагдаж байсан дүрслэл нь хурууны хээ болохыг тогтоосон. Ийнхүү өмнө нь судалсан боловч сул түвшинд
тайлбарлаж ирсэн баримтуудыг бид 4-5 жилийн судалгааны үр дүнд нэгтгэн, олон
нотолгоогоор баталгаажуулж, Дөрвөлжин булшны соёл нь өргөн нутгийг хамарсан,
агуу хөгжсөн соёл байсныг харуулсан” гэв.
“Өв, өлгий-3000” гэх нэрийн тухайд, бидний өв соёл, уудам нутаг, эх орныхоо үнэ цэнийг илэрхийлж байгаа бол “3000” нь өвөг дээдэс маань 3000 жилийн өмнө гайхамшигтай соёлыг бүтээсэн учир ийнхүү нэрийджээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 20-нийг хүртэл үргэлжилнэ.








Улаанбаатар