БУЛГАН: Н.Цэгмид нягтлан бодогчоос Ардын жүжигчин болтлоо 6 Богдын дүр бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны долоолдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нягтлан бодогчоос Ардын жүжигчин болтлоо тэрээр 6 богдын дүр бүтээсэн БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид сайн найруулагч, гайхалтай жүжигчин, жинхэнэ ардын Богд байлаа хэмээн нутгийнхан нэхэн дурсдаг.
БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид 1910 онд Булган аймгийн Могод сумын нутаг Сайхан хулж гэх газар малчин ард Нямын хүү болон төрсөн. Арван хэдэн настай жаал хүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байв.
Н.Цэгмидийн бүтээсэн анхны дүр "Самъяа ноён" гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад оролцож, Ламъяа ламын дүрд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын эх үүсвэр болсон байна.
ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Ц.Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруудаар явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа Н.Цэгмид нар шалгарчээ.
Шалгалтад тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театрт шилжүүлсэнгүй харин Засгийн газрын нягтлангаар томилов.
Гэвч Н.Цэгмид өөрийн хүсэл сонирхолтой уран сайхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин "Дэлдэн боохой" хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай ойртон танилцсан нь Н.Цэгмидэд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хамтаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагийн ухааны зарим нэг үндсүүдтэй танилцжээ.
Нягтлан бодогчоос Ардын жүжигчин болсон Н.Цэгмид
Түүний дэлгэцийн анхны дүр бол Монголын анхны уран сайхны "Монгол хүү" кинонд ноёны дүрд тоглосон, хоёр дахь кино нь "Сүхбаатар" уран сайхны кино. Уг кинонд тэрээр гурван дүрд тоглосон юм. Кино эхлэхэд гардаг өгүүлэгч өвгөн, ядуу өвгөн, мөн Богд хаанд тогложээ.
Богд хааны дүрийг кинонд анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд Богд хааны дүрийг бүтээж "Ардын Богд" хэмээх эрхэм хочийг ард түмнээсээ авчээ.
Тэрээр Цагааны Цэгмэд, Д.Ичинхорлоо, С.Гэндэн, Д.Чимид-Осор, Б.Дамчаа, Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, МУГЖ Т.Цэвээнжав, Д Найдан, жүжигчин Д.Сэдэд, Г.Доржсамбуу гэх зэрэг уран бүтээлчдийн хамтаар Улсын хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга, Кино үйлдвэрийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж, бид бүгдийн үзэх дуртай дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхлөн үлдээжээ.
Тэрээр 1933 оноос 1966 оны хооронд Улсын хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа нийт 23 жүжгийг найруулж олны хүртээл болгожээ.
Түүний дүрээ мөнхөлсөн кинонууд: "Монгол хүү" киноны ноён, “Морин цэрэг танкист" киноны ангийн дарга, "Сүхбаатар" киноны Богд хаан, "Өглөө" киноны Богд хаан, "Тэмцэл" киноны Богд хаан, "Төгсгөл" киноны Богд хаан, "Тунгалаг тамир" киноны Богд хаан, "Хатанбаатар" киноны Богд хаан, "Цогт тайж" киноны Засагт лам, "Элбэг дээл" киноны Намдаг, "Гологдсон хүүхэн" киноны өвгөн, "Бидэнд юу саад болж байна" киноны нярав, "Тамирын охин" киноны Бальдир, "Улаан дарцаг" киноны пингийн эзэн Гэндэн, "Төөрсөөр төрөлдөө" киноны шоронгийн манаач, "Анхны алхам" киноны Балдан, "Түмний нэг" киноны Жигмэдданзан, "Их замын эхэнд" киноны өвгөн, "Зарлаагүй дайны оршил" киноны ард, "Хүний төлөө" киноны өвгөн, "Намар нахиалсан мод" киноны Галсан, "Аргамжаа" киноны өвгөний дүр юм.
Монголын урлагийн хоёр Цэгмид хоёулаа Булган аймгийнх бөгөөд нэг нь энэхүү Нямын Цэгмид, нөгөөх нь Цагааны Цэгмид юм.
