Йемений сүмд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-24 16:54:58

МОСКВА. /RIA Novosti/. Йемений нийслэл Сана хотын сүмд халдлага үйлдсэний улмаас наад зах нь 29 хүн амиа алдсан тухай телевизийн “CNN” суваг мэдээлж байна.

Урьд нь 15 хүн амиа алдсан тухай мэдээлжээ.

Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, амиа золиослогч хоёр террорист шиит босогчдын хяналтад байгаа цагдаагийн академийн ойролцоо оршдог аль-Билали сүмд тэсрэх төхөөрөг дэлбэлсэн байна. Халдлагыг өглөөний мөргөлийн үеэр үйлдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Үүнтэй адил дэлбэрэлт есдүгээр сарын 2-нд Йемений нийслэл хотын хойд хэсэгт оршдог Эль-Муайад сүмд болсон бөгөөд 28 хүн амиа алдсан байна. Халдлагын хариуцлагыг суннитын хэт давруу үзэлтнүүд хүлээжээ.

Йеменд шиитүүдийн “Ансар Алла” хөдөлгөөний хуситууд, тус улсын Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехт үнэнч цэргүүд болон тэдэнд түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн цэргүүдийн хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Саудын Арави тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Хадиг дэмжин, гуравдугаар сарын 26-наас эхлэн хуситуудын хяналтад байгаа Йемений бүс нутгуудад агаараас цохилт өгч эхэлсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд