П.Алтанцог: Шилэн хөөсний үйлдвэр байгуулбал хуучин орон сууцыг бараг үнэгүй дулаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-08 21:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудын өргөтгөсөн  зөвлөгөөнөөр 2020-2021 онд хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө, урсгал засвар, хөрөнгө оруулалтгүйцэтгэлийн ажлын явц байдлын талаар танилцуулав.

Захирлуудын дийлэнх нь хүрээлэнгийн барилгын ашиглах хугацаатай холбоотой урсгал завсар хийх, өргөтгөл барих, шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэйг хэлж байлаа.

Зарим хүрээлэнгийн хувьд, нийслэл хоттой хамтран ажиллах боломж бүрдэж, энэ хүрээнд хийх боломжтой ажлаа танилцуулав. Тухайлбал, Физик, технологийн хүрээлэн өнгөрсөн жил хаягдал шилээр барилгын дулаалгын материал буюу шилэн хөөс хийж, загварын байшин барьсан. Өнөө өвөл тус байшингийн дулаан алдагдлыг хэмжих туршилт явуулж, дулааны алдагдал багатай  болохыг нотолжээ.

“Нийслэл хотын захиргаанаас Улаанбаатар хотын хуучин орон сууц дулаалахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Түүнээс 7 тэрбумаар нь шилэн хөөсний үйлдвэр байгуулах юм бол хуучин орон сууцыг бараг үнэгүй дулаалах боломжтой” гэдгийг ФТХ-ийн захирал П.Алтанцог хэллээ.

Мөн Бoтаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох, ”2020 онд Ботаникийн цэцэрлэгийн ашиглаагүй талбайд гоёл, чимэглэлийн мод сөөг тарьж ургуулна. Мод сөөгийг Нийслэлтэй гэрээ хийж худалдан борлуулах талаар ярилцаж тохиролцоод байна” гэв.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Урсгал  засвар хөрөнгө оруулалт болон шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах асуудлыг шат дараатай шийдвэрлэх боломжтой. Ирэх жил Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой  тохионо. Тиймээс 2020 он бол шийдвэрлэх жил учраас судалгааны ажлын үр дүнг нэн тэргүүнд сайжруулах, инновацын бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах, гадаадтай хамтарсан төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ чадавхжуулж ажиллах”-ыг захирлуудад үүрэг болголоо.

ШУА-иас 2019 онд  үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн хоёр захирлыг  шалгаруулсныг тус зөвлөгөөний үеэр  урамшууллаа. Энэ нь уламжлалт ажил бөгөөд 2019 оны шилдэг захирлаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ