Дахиад цунами болж болзошгүй гэж чиличүүд эмээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-21 10:48:47

САНТЬЯГО. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Чилид зургаан баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсээр байгаатай холбоотойгоор дахин цунамид нэрвэгдэж болзошгүй гэж чиличүүд түгшиж байна.

Чилид өнгөрсөн лхагва гарагт 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дөрвөн метр өндөр цунамийн давлагаа үүссэн юм. Үүний улмаас 13 хүн амь эрсэдсэн билээ.

Газар хөдлөлт тус улсын төвийн нутгийн Кокимбо хотын голдуу 16 мянга орчим хүний аж амьдралыг бусниулжээ. Энэ хүмүүсийн олонх нь одоо хоргодох байранд байна.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, уржигдар газар хөдлөлтийн голомтоос холгүй 6.1-6.2 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн аж.

Нэгэн эмэгтэй, “Дахиад цунами болж болзошгүй гэж би түгшиж байна” гэлээ. Мөн нэгэн эрэгтэй, “Хүмүүс 24 цагийн турш сонор сэрэмжтэй байх шаардлагатай болж байна” гэж ярилаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд