Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизмын (Carbon Border Adjustment Mechanism, CBAM) хүрээнд олгодог гэрчилгээний үнийг Европын Комисс анх удаа дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гарагт олон нийтэд танилцууллаа. 2026 оны эхний улиралд нэг тонн хорт ялгарлын үнэ 75.36 евро буюу 87.14 ам.доллар байна.
ЕХ-ноос нэвтрүүлсэн хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм бол ган, хөнгөн цагаан, цемент зэрэг хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулан үйлдвэрлэдэг импортын бараанд ногдуулж буй дэлхий дээрх анхны татвар юм.
Германы Байгаль орчныг хамгаалах газрын цахим хуудсанд дурдсанаар, CBAM-ын гэрчилгээ бүр нь импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ялгарсан 1 тонн CO₂-той тэнцэх хэмжээний ялгаралтай (үүнийг "саарал ялгарал" гэж нэрлэдэг) дүйцэх ажээ. Хэрэв тухайн барааг үйлдвэрлэсэн гуравдагч улсад нүүрстөрөгчийн татвар аль хэдийн төлөгдсөн бол давхар татвар ногдуулахаас зайлсхийх үүднээс ЕХ-нд худалдаж авах шаардлагатай гэрчилгээний тоог зохих хэмжээгээр бууруулж болно гэдгийг дурджээ.
Европын Комисс 2026 онд CBAM-ын тарифыг улирал тутамд, харин 2027 оноос эхлэн долоо хоног бүр шинэчлэн нийтлэхээр төлөвлөж байна. 2026 оны хоёрдугаар улирлын "нүүрстөрөгчийн татвар"-ын хувь хэмжээг долоодугаар сарын 6-нд зарлах ажээ.