Оросын нефтийг хоригоос чөлөөлөх хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-18 12:03:30

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /Reuters/. АНУ-ын эрх баригчид танкер хөлөг онгоцуудад ачигдсан байгаа Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авах зөвшөөрлийг тавдугаар сарын 16-ныг хүртэл сунгажээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уг зөвшөөрлийг дахин сунгахгүй гэж мэдэгдэж байсан юм.


Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтийн улмаас АНУ-ын эрх баригчид Оросын нефтийн экспортод тавьсан хоригийг гуравдугаар сарын 13-нд нэг сарын хугацаатай (дөрөвдүгээр сарын 11 хүртэл) зөөлрүүлсэн юм. Тухайн үед Бессент мэдэгдэхдээ, уг шийдвэр нь Оросын нефтийн экспортын орлогод төдийлөн нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байв.


Гэсэн хэдий ч Оросын  нефтийн орлого хоёр дахин өсжээ.  Хоригийг сулруулснаас хойш тус улс нефтийн худалдаанаас хоногт 100 сая гаруй ам.долларын нэмэлт орлого олсон гэж The New York Times сонин дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээлснээр, Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш нефтиэс олсон Оросын орлого гуравдугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум ам.долларт хүрчээ. 


АНУ-ын тал хоригийг зөөлрүүлсэн нь Д.Трампын засаг захиргааны хүсэж байсан шиг дэлхийн зах зээлд нефтийн үнийг тогтворжуулахад төдийлөн нөлөөлөөгүй гэж NYT сонины нийтлэлд онцолжээ. Учир нь Оросын нефтийн нэлээд хэсгийг олон улсын хязгаарлалтыг тойруулан  "сүүдрийн флот" гэгдэх танкеруудаар тээвэрлэж байгаатай холбоотой аж.

Холбоотой мэдээ