Азхүү хэмээх хотон шувуу ижил сүрэгтэйгээ нийллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-13 16:37:48

Ховд /МОНЦАМЭ/. Буудуулж шархадсан хотон шувууг Ховд аймгийн Жаргалант суманд долоон сар орчим хугацаанд монгол гэрт тэжээсэн бөгөөд шархыг нь бүрэн эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлжээ. 

Хотон шувууг анх Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг ноднин 11 дүгээр сард Чандмань сумын Сүлжээ багт буудуулж шархадсан байхад нь олжээ. Тухайн үед шувууны зүүн далавч болон хөл гэмтсэн, нисэж чадахгүй байсан байна.

Ингээд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэж гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байсан юм. Тус байгууллагын хамт олон шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн байдаг.

Азхүү нэртэй хотон шувуу өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай.

Тус шувууг Хар -Ус нуур орчимд ижил сүрэгт нь нийлүүлжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 62 хотон шувуу өндөглөн зусаж байгаа юм.

Хуулиар хамгаалагдсан ховор хотон шувууны амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сан \WWF\-гаас санхүүжүүлсэн бөгөөд тухайн шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг биологич Ц.Ганболдын гэр бүл хариуцан ажилласан.


 

Холбоотой мэдээ