“China Daily” сониноос санаачилсан сургалтын хөтөлбөрт 18 орны сэтгүүлч хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2019-06-05 14:01:53
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын англи хэлээр хэвлэгддэг “China Daily” сонины газраас санаачлан Бээжингийн Олон улсын бизнес, эдийн засгийн их сургууль болон Шанхайн Олон улс судлалын их сургуультай хамтран гадаадын сэтгүүлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжиж буй улс орнуудын сэтгүүлчдийг Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй танилцуулах, тэдгээр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн хөтөлбөрт Монгол, Орос, Энэтхэг, Иран, Пакистан, Азербайжан зэрэг 18 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон билээ. Оролцогсод Бээжин, Хунань муж, Шанхай хотод сургалтад хамрагдаж, Хятадын томоохон компаниудын үйл ажиллагаа, амжилт бүтээлтэй танилцахын зэрэгцээ тухайн нутгийн түүх, соёл, нийгмийн амьдралтай танилцсан юм.
Хятадын нийслэл Бээжинд гадаадын сэтгүүлчид эртний түүхт “Хориотой хот”-ыг үзэж сонирхон, тус улсын Гадаад харилцааны яамны Олон улсын хэвлэлийн төвтэй танилцав. Найрсаг, зочломтгой Хунань мужид сэтгүүлчид бид хөдөө тосгодыг сэргээн хөгжүүлж буй төслүүдтэй танилцаж, түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхов. БНХАУ-ын удирдлага төв суурингуудаас алслагдсан тосгодыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрийг санаачилж, төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байна. Өрнөдийн хэв маягаар хөгжиж буй Шанхай хотын нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй танилцаж, цөмийн цахилгаан станц, Хятадын төрийн өмчийн агаарын тээврийн гурван том компанийн нэг болох агаарын тээврийн “China Eastern” компанид зочилсон билээ.

Чанартай сургалт болон үзвэр, үйлчилгээний баялаг хөтөлбөртэй энэхүү сургалт нь гадны сэтгүүлчдэд мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй “China Daily” сонины газар, Бээжингийн Олон улсын бизнес, эдийн засгийн их сургууль болон Шанхайн Олон улс судлалын их сургуулийн найрсаг хамт олон, эрдэмтэн, профессоруудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
                                                                                                                                                                                           Лу. Батбаяр
Холбоотой мэдээ