Хятадын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын таван компани оролцов

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-04-18 13:00:32


 Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын COTTM /China outbound travel and tourism market/ буюу Гадаад улс орнууд руу аялах үзэсгэлэн яармаг энэ сарын 15-17-ны өдрийн хооронд Бээжин хотноо боллоо.

Уг үзэсгэлэнд дэлхийн 72 орны 4000 орчим тур оператор, аялал жуулчлалын компани, Монгол Улсаас "Херо Монголиа Адвенчур", "Аабат трэйвэл", "Их аян өргөө", "Айланд трэйвэл" болон иргэний агаарын тээврийн МИАТ компанийн төлөөлөл нийт 16 хүн оролцсон юм.

Үзэсгэлэнгийн эхний хоёр өдөр аялал жуулчлалын компаниуд зэрэг зорилтот хэрэглэгчид оролцож, мэдээ мэдээлэл авах боломжтой бол сүүлийн өдөр нь иргэд нээлттэй оролцох боломжтой байв.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын компаниудыг оролцуулах ажлыг зохион байгуулсан БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молороос дараах зүйлийг тодрууллаа.


-Та энэхүү үзэсгэлэнгийн талаар болон үзэсгэлэнд оролцохыг ач холбогдлын талаар ярина уу?

-Хятадын зах зээлд Монгол улсыг сурталчилж, Хятадын жуулчдыг эх орондоо татахын тулд гурван жилийн өмнөөс эхлэн Монгол Улсын БОАЖЯ-наас нэгдсэн зохион байгуулалттайгаар COTTM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна. Уг үзэсгэлэн маань гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд,, манай улсаас аялал жуулчлалын дөрвөн тур оператор компани болон иргэний агаарын тээврийн МИАТ компани оролцож байна. Энэ үзэсгэлэн B2B буюу яг зорилтот хэрэглэгчдэд зориулсан гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн хувьд, бид өнгөрсөн жилүүдэд оролцож байснаасаа ялгаатай буюу манай улсыг сонирхож байгаа аялал жуулчлалын компанийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд зориулж Монгол Улсын танилцуулгыг тусгай зааланд хятад хэлээр хоёр ч удаа хийлээ. МУ-ын ЗГ-аас ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан байгаа. Уг зорилтыг хангахад мэдээж хөрш орнуудын жуулчдын тоог өсгөх нь маш чухал. Иймээс бид Хятадын зах зээл дээр Монгол Улсыг үнэн зөв, бодитойгоор хэрхэн сурталчлах вэ гэдэг ажлын том эхлэлийг тавиад явж байгаа гэж ойлгож байна. Өмнөх жилүүдээ бодвол, манай компаниудтай уулзаж байгаа компаниуд маш олон байна. Эдгээр компаниуд нь Монгол Улс руу жуулчид явуулах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Бид ийм аялал хиймээр байна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авъя гэх зэргээр ажил хэрэгч саналууд олон ирлээ. Мөн хэвлэл мэдээллийнхэн, яаж танайхыг сурталчлах вэ, яаж хамтарч ажиллах вэ, хятадуудын Монгол Улсын талаарх ойлголт бага байна, үүнийг нэмэгдүүлье гэх зэргээр хандаж байна. Өмнөх жилүүдээ бодвол манай улс илүү танигдаж эхэлсэн нь мэдрэгдэж, харагдаж байна. Уг үзэсгэлэнд оролцсоны үр дүнг манай улс руу аялж буй жуулчдын тооноос харж болно. Өнгөрсөн онд Хятадын жуулчдын тоо 10 хувиар өсөж, 200 гаруй мянгад хүрсэн. Монголд ирж буй жуулчдын 40-өөд хувийг эзлэж байна. Үүнийг бид энэхүү үзэсгэлэнд тасралтгүй гурван жил дараалан оролцсоны үр дүн гэж үзэж байна. Ер нь бид, цаашдаа уг үзэсгэлэнд тогтмол, илүү өргөн хүрээтэй, олон компанийг хамруулж, улам илүү ач холбогдол өгч оролцож байх нь чухал. Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Хятадын жуулчдыг олноор нь хэрхэн татах вэ гэдэг дээр олон шинэ боломж гарч ирж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Манай Улсын тухайд Чингис хааны өлгий нутаг гэдгээр нь гадныхан их сонирхож байна.

-Манай улсын ЗГ-аас Хятадын төдийгүй гадаадын жуулчдыг татах чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ, үр дүн ямар байна?

-Манай улсын хувьд, зорилтот зах зээлийн орнуудад ОХУ, БНХАУ, АНУ, Баруун Европ, Япон, Солонгос гэж үзэж байна. Эдгээр оронд зохиож буй, үүнтэй адил аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байна. Дэлхий нийтийн сошиал, медиа, интернэт, гар утасны хэрэглээ маш өндөр болсон байна. Жуулчид интернэтээс тухайн аялах улсаа судлаж байж аялдаг хандлагатай болсон. Ийм учраас бид өнгөрсөн жилээс эхлээд манай улс яаж дижитал аялал жуулчлалаа хөгжүүлэх вэ, вэбсайтаа яаж сайжруулах вэ, олон улсын зах зээл дээр ажилладаг маркетингийн компаниудтай хэрхэн хамтарч ажиллах вэ зэрэг асуудал дээр анхаарч ажиллаж байна. Тэдгээр компанитай гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Жишээлбэл, жуулчдад зориулсан гар утасны аппликейшн бий болгохоор энэ жилийн төсөвтөө суулгасан гэх мэтчилэнгээр хэрэглэгчид аль сувгаар мэдээллээ хялбар олж авч байна тэр сувгууд дээр Монголын талаар мэдээлэл байршуулах тал дээр илүү анхаарал хандуулж байна.

-Хятадын жуулчдыг татахад хүндрэл бэрхшээлтэй асуудлууд юу байна вэ?

-Жуулчдыг хүлээж авахад зөвхөн тухайн аялал жуучлалын компани гэхээс гадна тухайн улс орны ард түмэн жуулчдыг хэрхэн хүлээж авч байгаа нь чухал. Аялал жуулчлалын салбарт соёлын харилцаа маш чухал байдаг. Манай оронд аялж буй хятад жуулчдыг манай оронд аялж буй жуулчин гэдгээр хүндэтгэж хардаг байх хэрэгтэй. Жишээлбэл, манайд Европын жуулчдыг их хүндэлдэг шүү дээ. Зарим хүмүүсийн хувьд, буруу ойлголттой байдаг. Хятад хүн гэхээрээ л барилгачин гэх мэтээр өрөөсгөлөөр хардаг. Гэтэл Хятад улс эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд цойлж байна. Тэд маш их аялж байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд, Хятад улсаас 150 сая гаруй жуулчин гадаадад аялсан байна. Тэдгээр жуулчдын гадаад улс орнуудад оруулж буй мөнгөн дүн хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Дэлхийн бусад улс орон үүнтэй уялдуулаад хятад жуулчдад зориулсан тусгай бодлого, маркетинг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд, ард иргэд маань хандлагаа зөв болгох хэрэгтэй байна. Мөн визний асуудал байна. Хятадаас аялж буй жуулчид зөвхөн манай ЭСЯ болон Консулын байгаа хотуудаас визээ авах зэрэг хүндрэлтэй асуудал байдаг. Хятад жуулчдын визний асуудлыг хөнгөвчлөх шаардлага байна. Мөн хятад хүмүүст манай улсын талаарх мэдээлэл алга. Хятад хүмүүсийн хэрэглэдэг аялал жуулчлалын вэбсайтад Монголын талаарх мэдээ, мэдээллийг байршуулах ч гэдэг юм уу Монголын талаарх мэдээ, мэдээллийг маш сайн тавих хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Энэ бол цаашид хийх том ажлын нэг байх болов уу.

-Хятад улсын эдийн засаг өмнөд бүс нутгууд руугаа төвлөрдөг, илүү хөгжилтэй байдаг шүү дээ. Саяхан манай МИАТ компани Гуанжоу хот руу шууд нислэг хийж эхэллээ. Мөн Шанхай хотод Консулын газар тун удахгүй байгуулах гэж байна. Эдгээр нь аялал жуулчлалд ямар нөлөө үзүүлнэ гэж бодож байна вэ?

-Тийм. Хятад улсын жуулчдын дунд хийсэн судалгаагаар, Хятадын өмнөд нутгийн жуулчид их аялдаг. МИАТ компани Гуанжоу руу шууд нислэгтэй болж байна гэдэг маань мөн л жуулчдыг татах нэг хэлбэр. Одоо ГХЯ-тай уялдаад тэндээ КГ нээх шаардлагатай болж байна. Аливаа нислэг ЭСЯ эсвэл КГ-тайгаа уялдаж байж, нэг бодлогоор жуулчдыг татах хэлбэр юм. Тэнд КГ байгуулаад, шууд нислэгтэй болгоод эхэлбэл хувийн хэвшил, тур операторууд тухайн хотод Төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа явуулаад эхлэдэг.

Энэ дашрамд хэлэхэд, энэ жил МИАТ компани бидэнтэй хамтарч ажилласан. Аялал жуулчлалын компаниуд маань ийм төрлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь Монгол Улсаа сурталчилж байгаа нэг хэлбэр. МИАТ компани энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй тур оператор компаниудын төлөөлөгчдийн тасалбарт 80 хувийн хөнгөлөлт, нэмэлт ачаа тээвэрлэх боломж өгсөн. Мөн Бээжинд суугаа МУ-ын ЭСЯ-ны хамт олонд талархаж байна. Элчин сайд уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, үг хэлсэн. Мөн биднийг онгоцноос тосож авах, хүргэж өгөхөөс эхлээд олон туслалцаа үзүүлж байна. Ийм хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүнд бид Монгол Улсаа сурталчилж байна. 



Мөн тус үзэсгэлэнд оролцож буй Монгол, Хятадын хамтарсан "Херо Монголиа Адвенчур" компанийн үүсгэн байгуулагч Хуан, мөн захирал Б.Жамуха нараас тодруулга авсан юм.

-Та өөрийгөө болон компаниа товч танилцуулаач?

-"Херо Монголиа Адвенчур" компанийн захирал Б.Жамуха гэж хүн байна. Манай компани бол Хятад, Монголын хамтарсан аялал жуулчлалын компани. Зуун хувь Хятадын зах зээл рүү чиглэсэн. Анх 2016 онд өмнө нь Австри улсад хамт суралцаж байсан Хятад найзтайгаа хамтран байгуулж байсан. Анх удаа албан ёсоор Монголын талын бүрэлдэхүүндээ багтан тус үзэсгэлэнд оролцож байна.

-Үзэсгэлэнд оролцохын ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Манай компанийн хувьд, энэ бол маш том боломж гэж харж байна. Хятадуудын онцлог бол албан ёсны зүйлд илүү ач холбогдол өгдөг хүмүүс. Би хувиараа энд зогсохоос илүү, Монгол улсынхаа нэрийн дор бусад компаниудтайгаа хамтарч оролцоход илүү ач холбогдол өгдөг. Ийм төрлийн үлй ажиллагаанд тогтмол оролцоод явбал манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжил илүү сайжрах болов уу гэж бодож байна. Манай улс тус үзэсгэлэнд оролцож буй бусад улс орныг бодвол арай доод түвшинд зохион байгуулан оролцож байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ бол манай компанийн хувьд анх удаа, Монгол Улсын хувьд гурав дахь удаа. Тэгэхээр дараа дараагийн удаа чиглэлийн яам болон зохион байгуулагч компаниуд илүү сайн хамтарч ажиллаад, өөр түвшинд, мэргэжлийн гэдэг талаасаа улсаа сурталчилбал илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. БОАЖЯ болон зохион байгуулагч "Мөнх харилцаа" компанийнхандаа талархаж байна. Цаашид илүү олон компаниудыг хамруулж илүү далайцтай оролцох хэрэгтэй байх.

-Танай компани ямар уулзалт, ажлууд хийв, ямар үр дүнтэй байна вэ. Хятад компаниуд хэр их хандаж байна?

-Бид гурван өдрийн хугацаанд 22 компанитай уулзалт хийхийг албан ёсоор зөвшөөрсөн. Энэ нь бидэнд маш олон шинэ гарцыг нээж өгч байна. Үр дүн сайтай байна. Бусад томоохон компаниудын хувьд мэдээж түнш, харилцагчаа аль хэдийн олсон байдаг байх. Бидний хувьд шинэ боломж, харилцагчидтай холбогдож байна. Бид өмнө нь интернэтээр эсвэл утсаар мэдээлэл солилцох гэж холбогддог байсан бол, энэ удаад нүүр нүүрээ харж байгаад, бодит уулзалт хийх боломжийг олгож байгаа нь том давуу тал болж байна. Олон компаниуд уулзалтын дараа биднийг компани дээрээ зочлооч гэсэн уулзалтын саналууд тавьж байна. Энэ нь бидний ажлын үр дүн болж байна.

-Та яг Хятадын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хүний хувьд, хятад жуулчид Монгол Улсыг хэр их сонирхож байгаа талаар?

-Хятад жуулчид Монгол Улсыг маш их сонирхдог. Хятад том улс учраас хятадуудад Монголын талаарх мэдээлэл маш бага байна. Монгол гэхээр Өвөрмонголоор төсөөлдөг. Тэгээд интернэт, сошиалаас Монголын талаарх мэдээллийг хайж үзэхэд, зарим талаараа маш сөрөг мэдээлэл гарч ирдэг. Тийм учраас Монгол орон энд зохиогддог экспо, соёлын ажилд тогтмол оролцож байвал хятад жуулчдын урсгал Монгол руу чиглэх бүрэн боломжтой. Бид маш ойрхон байдаг шүү дээ. Дэлхийн бүх орон хятад жуулчдыг татах маркетинг, үйл ажиллагаа хийж байна. Бид ийм ойрхон байрладаг боломжоо алдаж болохгүй. Хятад хүмүүсийг бид муу өнцгөөс нь харахаас илүү сайн талаас нь харах хэрэгтэй. Яаж энэ хүмүүстэй хамтарч ажиллаж, мөнгө босгох вэ, Монгол улсаа яаж дэмжих вэ гэдэг талаас нь харвал маш их боломж байна.

-Хятад жуулчдыг татахад гарч буй хүндрэл бэрхшээлүүд юу байна?

-Олон зүйл байна. Виз, онгоцны нислэг үнэтэй, суудлын олдоц муутай зэрэг. Энэ жилээс Гуанжугийн нислэг нэмэгдэж байна. Үүнийг дагаад боломж нэмэгдэнэ. Хятадууд группээр аялах сонирхолтой байдаг. Шинэ компаниудын хувьд, групп жуулчин хүлээж авахад зарим талаараа хүндрэлтэй талууд байдаг. Манай Монгол Улсын хууль, дүрмийн хүрээнд виз бага зэрэг чанга олгогддог. Миний бодлоор болдог бол жуулчинд зориулсан тусгайлан виз олгодог систем бий болгох хэрэгтэй. Ямар нэгэн визний гомдол, хариуцлага, асуудал гарвал батлан дааж авч ирсэн аялал жуулчлалын компанитай нь хариуцлага тооцдог зохицуулалт хийвэл зүгээр болов уу. Мөн групп жуулчдын визэнд хөнгөлөлт үзүүлдэг, үнийн хувьд ч мөн хөнгөлдөг байх зэргээр. Манай ГХЯ-наас эдгээр ажлыг шат дараатай хийж байгаа. Онгоцны буудал дээрээс визээ авдаг систем Монгол Улсад нэвтэрсэн юм шиг хэрнээ нэвтрээгүй. Зарим компани жуулчдын нэрсээ Гадаадын харьяат болон ГХЯ-нд өгөөд онгоцны буудал дээрээс визээ авч байгаа бол зарим компаниуд нь тэгэж чадахгүй байна. Энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж, тодорхой болгох ёстой. Эрх тэгш байдлыг хангах ёстой. Манай компанийн хувьд, 100 хувь Хятадын зах зээлд чиглэсэн компани. Хятадууд 10-р сарын 1-нээс 7-ны хооронд Улс тунхагласны баяр нь болж амардаг. Энэ амралтаараа манайд аялъя гэхэд манай бүх жуулчны бааз, амралтын газар хаагдчихдаг. Мөн Цагаан сарын баяр зэрэг тэмдэглэлт баярууд дээр бид илүү маркетинг хийж, зөв ажиллаж чадвал илүү олон боломж байна. Зарим тохиолдолд ийм шалтгаанаар жуулчид хүлээж авах боломжийг алдах тохиолдлууд байна.

-Таны бодлоор, хятад жуулчид юу хүсдэг вэ, яаж тэднийг сэтгэл хангалуун байлгах вэ?

-Миний өнгөрсөн хугацаанд ойлголсон зүйл гэвэл, хятад жуулчид нэгэнт мөнгөө төлөөд амарч байгаа бол дээд зэргийн үйлчилгээ, анхаарал халамж хүсдэг. АНУ, Европын жуулчдын ялгаатай тал гэвэл, тэдний аялал жуулчлалын хөгжил үндсэндээ дээд цэгтээ тулчихсан. Монголын талаар олон эх сурвалжаас мэдээлэл аваад, эд нар яаж ингэж эзгүй хээр талд 100 км давхиад нэг айлд очоод дахиад 100 км давхиад өөр айлд очоод амьдраад байна гэдэг амьдралын онцлогийг нь харах гэж ирэх гээд байдаг. Хятадуудын хувьд, мөнгөө төлчихсөн болохоор бусад улс орнуудтай харьцуулах гээд байдаг. Түүнийг нь эхлээд жуулчиддаа маш сайн ойлгуулах хэрэгтэй. Монгол бол өөрөө ийм онцлогтой орон шүү. Та Монголд ирээд ийм ийм мэдрэмжийг авна гэдгийг маш сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Сайн ойлгуулаагүйн улмаас жуулчид маш өндөр хүлээлттэй ирдэг, бодит байдал дээр хүлээлтэд нь хүрдэггүй асуудал байдаг. Хоолны асуудал байна. Хятад хүн бүр нэг их онцгой юм хүснэ гэж байхгүй. Өөх тос багатай хоол өгөөч ээ, ногоо их өгөөч ээ гэдэг. Энэ мэтчилэн бага гэлтгүй жижиг жижиг чимхлүүр зүйл дээр анхаарч чадвал, хятад жуулчдыг татах боломжтой. Бид өөрсдийнхөө сул талыг давуу тал болгож тайлбарлах хэрэгтэй.



Мөн тус үзэсгэлэнд оролцож буй Монгол, Хятадын хамтарсан Херо Монголиа Адвенчур компанийн үүсгэн байгуулагч Хуан Мөнөөс дараах тодруулгыг авсан юм. Тэрээр өмнө нь Монголд 10 гаруй удаа очиж байсан. Тиймээс түүний нүдээр Монгол улс хэрхэн харагдаж байгаа талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Та Монгол улсад олон удаа очиж байсан юм байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би 2016 онд Монголд анх удаа очиж байсан. Монголд очоод надад төрсөн сэтгэгдэл гэвэл, байгаль нь маш үзэсгэлэнтэй санагдсан. Би өөрөө аялах дуртай хүн л дээ. Өмнө нь дэлхийн 48 орны 111 хотоор аялж байсан л даа. Өмнө нь надад хамгийн сайхан санагдаж байсан газар бол Шинэ Зеланд. Монголд очиж үзсэний дараа би Монголын байгалийн сайхныг олж харсан. Монголд тал нутаг, уул, ус байна. Би анх Монголд очихдоо Улаанбаатарт очоогүй, Дорнод аймагт очиж байсан. Тэр үед надад төрсөн сэтгэгдэл гэвэл зам, дэд бүтэц нь, байрлаж буудаллах байр сав ч тааруухан байсан учраас жаахан хоцрогдсон байна л гэж бодсон. Дараа нь, би Улаанбаатарыг зорьж очиж үзсэн. Маш сайхан орчин үеийн хот байсан. Тэнд 5-н одтой зочид буудлууд ч олон байдаг. Монголд очихоос өмнө надад монголчууд хятад хүнд дургүй гэх мэдээлэлтэй байсан л даа. Би нийтдээ 12, 13 удаа Монголд очсон. Надад ганц ч удаа ийм зүйл тохиолдож байгаагүй. Монголчууд тэр дундаа хөдөө орон нутгийн иргэд маш сайхан найрсаг хүмүүс байдаг. Заримдаа төөрөх, буудаллаж байгаа газраа олохоо байх зэрэг үе тохиолдоход, хөдөөгийн иргэд биднийг гэртээ аваачиж хонуулж, хоол хийж өгч, бидэнд хонины сүү уулгах, өглөө босоод сүүтэй цай чанаж өгөх зэргээр маш сайхан найрсаг хүлээж авч байв. Бид гадаад хүмүүс тул тэдэнтэй ойлголцоход төвөгтэй байдаг ч тэд үйл хөдлөлөөрөө халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлж байдаг. Дараа нь олон удаа Монголд очих тусам энэ орны тухай түүх, Чингис хааны тухай түүх, бөөгийн зан үйл зэрэг маш олон сонирхолтой онцлог зүйлүүд байгааг ойлгосон. Мөн нүүдэлчдийн соёл, Монголын үндэсний өв уламжлал авч ирсэн соёл бол Монгол улсын хамгийн том давуу тал.

-Хятад жуулчид Монголд аялахад хамгийн хүндрэл бэрхшээлтэй байдаг зүйлүүдийг хэлнэ үү?

-Бидний хувьд, богино хугацааны аяллуудыг ихэвчлэн Улаанбаатартай ойролцоо байрлах газруудад зохион байгуулдаг. Жишээлбэл, Тэрэлж, 13-р зуун, Хустай зэрэг газрууд. Эдгээр газарт аялахад нэг их асуудалтай зүйл байдаггүй. Хотоос зайдуу, говийн аймгууд зэрэг газраар аялахад хамгийн асуудалтай зүйлүүд гэвэл усанд орох, хоолны зэрэг асуудал байна. Мөн зам, харилцаа дэд бүтцийн асуудал бас байна.

Хятадууд Монголд аялахад асуудалтай байдаг зүйл бол хоол ундны асуудал тийм болохоор бид тогооч авч явж аялдаг. Монголын байгаль сайхан, Хятадтай ийм ойрхон. Гэвч хамгийн том асуудал бол ихэнх хятад иргэд Монголын талаар ойлголт мэдээлэл алга. Монгол гэж хэлэхээр Өвөр монгол гэж ойлгодог. Монгол улсыг тусгаар тогтносон улс гэж сайн ойлгодоггүй. Монгол Улсыг сурталчлах тал дээр маш сул байгаа гэж бодож байна. Монголын тал нутаг, говь, Чингис хааны түүх, нүүдэлчдийн соёл зэрэг брэндүүдээ сайн сурталчлах хэрэгтэй. Монгол гэж сонсоод эдгээр зүйлс шууд санаанд нь ордог, ойлголттой байх хэрэгтэй. -Хятад жуулчид Монголын юунд илүү дуртай, сонирхдог вэ. Монголын аялал жуулчлалын компаниуд яаж хятад жуулчдыг татах вэ?

-Юуны түрүүнд, бид түүх, соёлоо харилцан хүндэтгэдэг байх ёстой. Хятадуудад монголчууд бидэнд дургүй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ миний бодлоор, энэ бол ямар нэгэн шалтгаантай байх. Магадгүй зарим нэгэн хятад жуулчид Монголд аялж байхдаа гаргаж байгаа үйлдлүүд дургүйг нь хүргэсэн байж болох юм. Жишээлбэл, шүлс нус цэрээ хамаагүй хаях, цэвэрч бус байдал гаргах, танай Монгол Улс манай Хятадынх байсан шүү дээ гэх зэргээр ярих ч байдаг юм уу. Одоо бид хоёр тусдаа тусгаар тогтносон улс учраас харилцан хүндэтгэлтэй хандаж байж үр дүнд хүрнэ. Аялж байгаа жуулчид нь Монголын түүх, соёлыг хүндэтгэдэг. Энэ бол хамгийн суурь, чухал зүйл гэж бодож байна. Мөн ахмад жуулчид гэвэл Монголын түүхтэй холбоотой зүйлийг илүү сонирхож байдаг. Залуу хүмүүс бол зураг авах, бичлэг хийх зэрэг илүү хөгжилтэй зүйлүүдийг хүснэ. Хятад хүмүүсийн хувьд, хоолны асуудал маш чухал. Тэд өдөр бүр  амттай, өөр өөр төрлийн хоол идэхийг хүснэ. Өдөр бүр монгол хоол өгөөд байвал 2,3 хоног идэж болох л байх, түүнээс цааш бол хэцүү гэж бодож байна.

-Таны бодлоор Монгол Улсын төр засаг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл аялал жуулчлалын салбар илүү хөгжинө гэж бодож байна вэ?

-Монгол улсын талаарх сурталчилгаагаа маш сайн нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Одоо бол үнэхээр хангалтгүй байна гэж бодож байна. Аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар бол эко салбар, энэ бол үйлдвэр биш шүү дээ. Гадаад валют, орлогод маш том нөлөө үзүүлдэг чухал салбар. Хятад руу хийж буй шууд нислэгийг олон болгох хэрэгтэй. Хятадын томоохон хотууд руу нислэг үйлдэж эхлэх хэрэгтэй. Аялал жуулчлалын компаниудаа ийм төрлийн томоохон арга хэмжээнд олноор оролцуулах хэрэгтэй. Миний бодлоор, эдгээр асуудлыг шийдэж чадвал, Монгол улсын аялал жуулчлалын салбар хөгжих болов уу гэж бодож байна.

А.Анхбаяр

 

           

Холбоотой мэдээ